Хил давуулан хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөж байсан хүмүүс эх орондоо баригдаж, эрүүгийн хэргийн холбогдогч болоод байгаа. УМБГ-т энэ төрлийн 20 гаруй хүнд холбогдох хэргийг шалгаж буй бөгөөд цөөнгүй хүн цагдан хоригдож байна. Тэдний дундаас хар тамхи зөөвөрлөж байгаагүй, үндэслэлгүйгээр цагдан хорилоо хэмээн зарим хүн өлсгөлөн зарласан гэнэ.
Цагдаагийн байгууллагын эх сурвалж “Өнгөрсөн долоо хоногт нэг хүн өлсгөлөн зарласан.Гэхдээ уг сэжигтэнтэй уулзсаны дараа өлсгөлөнгөө зогсоосон” гэсэн юм. Харин ШШГЕГ-ын эх сурвалж “Эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэн хүн өлсгөлөн зарлах нь тухайн хүний эрх. Гэхдээ одоогоор Ганцхудагт өлсгөлөн зарласан хүн байхгүй” гэсэн юм. Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон сэжигтэн одоогоос нэг сар гаруйн өмнө бас өлсгөлөн зарласан аж. Гэвч тэрбээр орондоо нууцаар бэлэн гоймон дэвтээж идэж байгаад хянагч нартаа баригдсан байна. Улмаар маргаашнаас нь өлсгөлөнгөө зогсоосон аж.