Тарбозавр батаар хэмээх махан идэшт үлэг гүрвэлийн араг ясны дуулиан олон улсын анхаарлын төвд байж, түүнийг ямар замаар Монгол Улсаас гаргав гэх асуудлыг Ерөнхийлөгчөөс эхлээд бүгд анхаарал хандуулаад байгаа билээ. ЭЦГ-ын ажилтнууд энэ хэргийн араас хөөцөлдөж багагүй ажил хийж буй. Энэ ажлын хүрээнд хууль бусаар үлэг гүрвэлийн араг яс хил давуулах гэсэн эрүүгийн хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж, нотлох баримт цуглуулж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. УМБГ-т үлэг гүрвэлийн яс хил давуулах гэсэн хоёр ч хэргийг шалгаж, сэжигтэй хүмүүсээс нь тайлбар мэдүүлэг аваад байгаа сурагтай. Хилээр гаргах гэсэн ясны дунд зөвхөн Монголын газар нутагт амьдарч байсан нисдэг үлэг гүрвэлийн эрүүний яс гэх мэт археологи, палеонтологийн маш ховор олдвор байсан аж. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхэн үеийн эмх замбараагүй, хараа хяналтгүй байх үеэс энэ төрлийн хэрэг гарч эхэлсэн нь хууль хяналтын байгууллагынхны Ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдож буй гэнэ. Музей, Палеонтологийн хүрээлэн гэх мэт байгууллагуудад хадгалж, судалж байсан олдворуудыг хилийн чанадад судлах нэрээр гаргаад мартсан, эсвэл худалдсан тохиолдол нэлээд олон байна гэдгийг Ажлын хэсгийнхэн тогтоосон гэнэ. УМБГ-т шалгаж буй хоёр хэрэгт Байгалийн түүхийн музейн сан хөмрөгч өөр ажиллаж байсан хүмүүс холбогдоод буй гэсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээд удаагүй болохоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ бидэнд илэрхийлсэн юм.
Г.РАвЖАА