Монгол Улсад өдөр тутам гарч буй гэмт хэргийн нэлээд хувийг зам тээврийн осол эзэлдэг. Энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЗЦГ-аас сануулга, сэрэмжлүүлэг үргэлж гаргаж, мэдээ, мэдээллээр хангадаг ч төдийлэн үр дүнд хүрэхгүй байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 185 хүн нас баржээ. Бараг нэг онгоцны зорчигчийн дайтай олон хүн амь насаа алдана гэдэг харамсмаар тоо. Зам тээврийн осол гарч буй шалтгаан нөхцөлийг харахад ихэнх нь жолооч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон байх юм. Түүнээс гадна замын эвдрэл гэмтэл ч осол хэрэг гарахад нөлөөлж байгаа аж. ЗЦГын Олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч, хошууч Б.Сүхбатаас зам тээврийн осол хэргийн шалтгаан нөхцөлийн талаар тодрууллаа.
-Зам тээврийн осол, хэрэг буурахгүй, улам л нэмэгдээд байгаа талаар статистик мэдээлэл байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн хэчнээн осол хэрэг бүртгэгдсэн бэ?
-ЗЦГ-ын статистик мэдээллээс үзэхэд энэ оны эхний хагас жилд осол, хэргийн 30294 дуудлага хүлээн авчээ. Үүнээс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон осол нь 8383 байна. Ослын улмаас 185 хүн амь насаа алдаж, 512 хүн гэмтжээ. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад нас барсан хүний тоо 21.7, гэмтсэн нь 16.4 хувиар өссөн. -Осол гарахад хэн буруутай байна вэ? -Улсын хэмжээнд гарсан нийт ослын 98 хувь нь жолоочийн хариуцлагаг үй байдалтай холбоотой байна. Үлдсэн хоёр хувь нь явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй. Жолооч нар хажуу хоорондын зайгаа тохируулаагүйгээс үүдсэн осол хамгийн их байгаа шүү дээ. Түүний дараа уулзвар, гарц нэвтрэх журам зөрчсөнөөс үүдсэн осол эзэлж байна. Осол хэргийн 0.1 хувь нь замын эвдрэл гэмтэлтэй холбоотой.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлснээс үүдэлтэй хүний амь нас хохирсон осол буурахгүй байгаа шүү дээ.
-Жолооч хүн өөрийн болон машинд сууж яваа гэр бүлийнхнийхээ амь насыг хангаж явахаа цаг ямагт бодож байх хэрэгтэй гэдгийг анхааруулмаар байна. Ингэснээр элэг бүтэн амьдрал, урт удаан наслах амь нас чинь баталгаажна шүү дээ. Нэг шөнийн дотор 60 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдаж байна. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, хэт ядарсан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг жолооч нартаа анхааруулъя. Хүмүүсийн амралт зугаалгын цаг хараахан дуусаагүй байна. Иргэд ихэнхдээ амралтаа хөдөө орон нутгаар явж өнгөрүүлдэг. Тиймээс орон нутгийн замд гарахдаа болон зуслангийн чиглэлд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг анхааруулмаар байна. Нийслэлд жолооч нар хажуу хоорондын зайгаа бариагүйгээс гарч буй ослын тоо нийт ослын 73.7 хувийг эзэлж байгаа. Харин орон нутагт хүний амь нас хохирсон осол олонх нь гарч байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүйгээс болон сог туугаар замд гарснаас онхолдсон осол гарсаар байгаа. Үүний улмаас хүний амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгааг жолооч нар маань анхаармаар байна. Түүнээс гадна зарим жолооч нар хүний тоо, даац хэтрүүлэн ачиж замд гардаг. Ингэхдээ замын цагдаагийн зохицуулагч нар гарсан уулзвар, постын дэргэдүүр өнгөрөхдөө хү- нээ буулгах, эсвэл зугтдаг. Энэ нь хэдийгээр зохицуулагч нарыг хуурч, аргалж байгаа мэт харагдавч цаашид учирч болох зам тээврийн осол, аюулыг хуурч чадахгүй шүү дээ гэдгийг хэлмээр байна.
-Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас хүүхдүүд зам тээврийн осолд өртөх магадлал их байгаа шүү дээ.
-Зуны амралттай холбоотойгоор хүүхдүүд зуслан лагерьтаа амарч байгаа. Энэ замд тэд бас осолд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 21 хүүхэд нас барж, 248 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авчээ. Мөн 16-17 насны 13 хүүхэд жолоо барьж, осол гаргаж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Тиймээс эцэг эхүүд үр хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулмаар байгаа юм.