дуучин НАРА: Ялагдсан “би” ямар л олигтой байв гэж
Баяраар үнсэх нь олон уу, үнсүүлэх нь олон уу?
-Мэдээж залуу хүн болохоор ахмад үеийнхэндээ үнсүүлэх нь олон.
Хаврын улиралд байгалийн ямар үзэгдэл таны сэтгэлийг хөглөдөг вэ?
-Бүх зүйл амилж, хаврын нэг тийм дотно дулаан уур амьсгалыг мэдрэх нь сайхан санагддаг.
Та хэзээ нэгэн цагт өөрийгөө ялж байв уу?
-Тун цөөн тохиолдолд л өөрийгөө ялж байсан.
Хэрэв тийм бол таны ялагдсан “би” ямархуу байдалтай хоцордог вэ?
-Мэдээж ямар олиг байв гэж (инээв.)
Та буузны мах татах, гурил илдэх, чимхэх, идэхийн аль үүргийг хамгийн чадварлаг гүйцэтгэдэг вэ. Энэ жил бууз хийлцсэн үү?
-Би бүгдийг нь сайн чадна. Саяхан гэрийн, бас эмээгийнхээ буузыг хийхэд тусласан.
Өнгөрсөн, ирээдүй хоёрын аль нь танд илүү үнэ цэнтэй вэ?
-Өнгөрсөн цаг алдаа оноо бүхэнтэйгээ ард хоцорч, одоо цагт бүхнийг мэдэрч, ирээдүйгээ сайхан болгохыг зорьж амьдрах нь хамгаас илүү.
Дэлхийн хүмүүс өдгөө 6000 гаруй хэлээр харилцдаг гэнэ. Хэрэв бид хоорондоо ганц хэлээр л харилцдаг байсан бол одоогийнхоос илүү ойлголцох боломжтой болов уу?
-Олон хэлээр ярилцаж байгаа нь харилцааг илүү сонирхолтой болгодог байх.
Ж.ТЭГШЖАРГАЛ
“Шар айраг” хамтлагийн дуучин Г.ГАНХҮҮ: Бэлэг авдаггүй
Цагаан сараар авч байсан хамгийн мартагдашгүй бэлэг юу вэ?
-Би цагаан сарын баярт дургүй. Үнэнийг хэлэхэд, айл бэлэг өгөхөөр авдаггүй. Хөгшин хүмүүс загнадаг л юм. Гэхдээ надад цагаан сарыг элдвээр хүндрүүлж, янз бүрийн бэлэг өгөх нь утгагүй санагддаг.
Баяраар үнсэх нь олон уу, үнсүүлэх нь олон уу?
-Үнсүүлэх нь олон юм байна.
Хаврын улиралд байгалийн ямар үзэгдэл таны сэтгэлийг хөглөдөг вэ?
-Хаврын улирлын бүх зүйл онцгой. Тэр дундаа энэ жил сонгууль болох учраас их догдолж байна. Та хэзээ нэгэн цагт өөрийгөө ялж байв уу?
-Би байнга өөрийгөө ялдаг. Жишээлбэл, уулын спортоор хичээллэж, мастер цол хүртсэн. Өнгөрсөн жил марафон гүйлтийн
42 км-ийн уралдаанд оролцсон. Хэдийгээр хэн нэгэнтэй өрсөлдөж байгаа мэт харагдавч, үнэн чанартаа өөртэйгөө уралдаж, өөрийгөө ялж байгаа хэрэг.
Хэрэв тийм бол таны ялагдсан “би” ямархуу байдалтай хоцордог вэ?
-Ялагдсан, ялсан хоёр хүний аль аль нь би. Тийм учраас ялагдсан нь ч “happy” хоцордог.
Та буузны мах татах, гурил илдэх, чимхэх, идэхийн аль үүргийг хамгийн чадварлаг гүйцэтгэдэг вэ. Энэ жил бууз хийлцсэн үү?
-Аль алийг нь ч муу хийдэг. Хоол унд хийхдээ муу болохоор оролцдоггүй. Оролцъё гэсэн ч манай эхнэр “Цаашаа бай, өөрөө хийнэ” гэдэг юм.
Өнгөрсөн, ирээдүй хоёрын аль нь танд илүү үнэ цэнтэй вэ?
-Хоёулаа амьдралд үнэ цэнэтэй учраас сонгох боломжгүй.
Дэлхийн хүмүүс өдгөө 6000 гаруй хэлээр харилцдаг гэнэ. Хэрэв бид хоорондоо цорын ганц хэлээр л харилцдаг байсан бол одоогийнхоос илүү ойлголцох боломжтой болов уу?
-Тийм шүү. Гэхдээ хүн төрөлхтөн нэг хэлтэй болох чиглэл рүү явж байх шиг. Дэлхий хавтгай болж, даяаршихийн хэрээр англи хэмээх ганц хэлтэй боллоо.
Б.ЭГШИГЛЭН