Олимпийн үеэр дэлгүүрээр хэр идэвхтэй үйлчлүүлснийг шалгаруулдаг бол алтан медалийг лавтайя оросууд гардах байх” хэмээн “Таймс”-ын ажиглагч Фэй Шлезингер бичжээ. Олимп болохтой уралдан үнэ ханшаа өсгөж амжсан Лондонд ч тэд үргэлгэн зангаа тавьсангүй. Оросын төлөөлөгчдийн нэг нь бэлэг дурсгалын “Links of London” дэлгүүрийн гоёл чимэглэлийн тасагт хамгийн үнэтэй гоёлоос нь шилж байгаад 1500 гаруй фунтээр худалдан авалт хийжээ. Олимпийн галт бамбарын хэлбэртэй цэнхэр молор ээмэг, зүүлтийг өөрийн болгосон нь энэ. “Олигархуудын үндэс угсаа нэгтнүүд тамирчдадаа цэцгийн баглаа зориулахад ч чамгүй мөнгө зарж буйг цэцгийн дэлгүүрийнхэн батлав. Тэдний нэг нь “Оросын баг манай шилдэг худалдан авагч” гэж магтаал урсгажээ. Гэхдээ Ф.Шлезингерийн хэлсэнчлэн оросууд аваргалаагүй, 12-т бичигдэв. Оросууд Лондонд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн халаасыг зузаатгахад чамгүй хувь нэмэр оруулж байгааг тэрбээр ийн онцолсон хэрэг. Олимп үзэнгээ дэлгүүр хэсэж “төлөвлөгөөгөө” давуулан биелүүлж байгаа оросууд долоодугаар сарын 23-29-нд зургаан хоногийн дотор худалдаа, үйлчилгээний байгууллагуудад арав гаруй сая фунт “хандивлаад” байгаа гэнэ. Тэд цэцгийн дэлгүүрүүдийн эздийг баярлуулахаас гадна автомашины түрээс, театр, үзэсгэлэн, зугаа цэнгэл, хувцасны дэлгүүрт их мөнгө зарж байгаа сурагтай. Тэдний сонголтын дийлэнхийг бэлгэ дурсгалын зүйл, спортын бараа, бүтээгдэхүүн эзэлж байна. “Дэлгүүр хэсэх аваргын төлөөх тэмцээн”-ий тэргүүн эгнээнд АНУ, Япон, Францын жуулчид явна. Тэдний “хандив” 41.5-85.5 сая фунтэд эргэлдэж байна. Итали, Ирланд, Испани, Австрали, ХБНГУ, Канад, Шведийн жуулчид эхний 10-т багтжээ.