Колумбад өргөн хүрээнд эрэн сурвалжилж байсан хар тамхины бүлэглэлийн томоохон толгойлогчдын нэг Эриксон “Себастьян” Варгасыг баривчиллаа гэж АFP мэдээлэв. Мансууруулах бодисын “Oficina de Envigado” сүлжээний боссыг саатуулсан уг үйл явдлыг Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос “Гэмт хэрэгтнүүдэд супер цохилт боллоо” гэж тэмдэглээд, ойрын үед хэрэгтнийг АНУ-д шилжүүлнэ гэв. Варгасын хамт бүлгийнх нь хэд хэдэн гишүүн саатуулагдаж, нэг нь алагджээ. Варгас “Oficina de Envigado” сүлжээний өмнөх лидер Максимилиано Ороског Венесуэльд баригдсаны дараа 2011 оны арваннэгдүгээр сараас тэргүүн болжээ. “Валенсиано” хочит уг хэрэгтнийг сарын дараа АНУ руу шилжүүлсэн ажээ. “Oficina de Envigado” анхлаад өр цуглуулах зорилготой байснаа 1993 онд толгойлогч нь алагдсанаар үйл ажиллагаагаа өргөтгөн, мансууруулах бодисын тээвэрлэлт, мөнгө угаах, авлига зэргээр “амь зуух” болсон аж. Тус бүлэглэл 2008 онд гэхэд сард 20 сая долларын орлого олж байсан гэнэ.