Шинэ Зеландын хойд хэсэгт уржигдар шөнө дундын өмнөхөн Тонгариро галт уул идэвхжин, агаарт асар том үнсэн үүл хаялж буйгаас агаарын тээврийн дотоодын нислэг саатан, зорчигчид хэдэн зуугаараа онгоцны буудалд хүлээхэд хүрэв. Галт уулын зүүн талд байрлах онгоцны буудлууд хуваарьтаа өөрчлөлт оруулсан нь салхинд үнс туугдан очиж буйтай холбоотой аж. Веллингтон, Окленд, Крайст черчийг холбосон агаарын замын нислэг үүнд хамаарч байна.
Харин олон улсын нислэгт галт уулын сэргэлт нөлөөлөөгүй агаад холын зайд нисэх агаарын хөлгүүд агаар мандалд үнсний байрлаж буй зургаан км-ээс дээш өндөрт нисэж байгаа аж. Геологчдын үзэж буйгаар, галт уулын сэргэлт усны уурын даралтаас эхтэй агаад хэдхэн минутын дотор “нойрноос” сэрсэн Тонгариро лав хаялаагүй ажээ. Мөн газар доогуур сулхан чичирхийлэл бүртгэгдэж.
Одоогоор оршин суугчдад ямар нэг хохирол учруулаагүй байгаа ч тэдний нэг хэсэг нь галт уулын орчмын бүсийг эртхэн орхих нь аминд өлзийтэй гэж үзэн, гэрээсээ явсан байна. Хойд аралд байрлах Тон гариро хамгийн сүүлд 1897 онд сэргэсэн. Нутаг дэвсгэр дээр нь тус галт уул байршдаг үндэсний парк жуулчдын хөл татардаггүй газар гэнэ. Чухам тэнд Питер Жексоны “Бөгжний эзэн” гурамсан зохиолын зураг авалтын нэг хэсгийг хийжээ.