Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалили Дамаскт Сирийн Ерөнхийлөгчтэй уулзаж, “Сири нь бүс нутгийн чухал эвслийн нэг хэсэг. Тиймээс түүнийг хагалан бутаргахыг Тегеран зөвшөөрөхгүй” гэж мэдэгдлээ. Сирийн Ерөнхий сайд Рияд Хижаб сөрөг хүчний талд очиж, Б.Асадаас холбоогоо тасалснаас нэг өдрийн дараа дээрх уулзалт болов. Сүүлийн хоёр долоо хоног цэнхэр дэлгэцээр бараа нь харагдаагүй Б.Асадын Ираны топ төлөөлөгчтэй уулзаж буй бичлэгийг Төрийн телевиз үзүүлжээ. Ираны хувьд Сири хамгийн чухал холбоотны нэг.
Ойрхи Дорнод, Арабын ертөнц дэх Тегераны тулхтай анд болох сиричүүд Тегераныг Ливаны “Хезболла”, Гаазын зурвас дахь “Хамас” бүлэгтэй харилцахад гүүр болдог. Ираны хувьсгалт гвардийн гишүүд Сирид идэвхтэй үйл ажиллагаа явуулж байж болзошгүй тухай мэдээлэл нь Сирийн сөрөг хүчний байлдагчдын Ираны 48 иргэнийг олзлон авсны нэг шалтгаан. Хулгайлагдсан иранчуудын талаар мэдээлэл бүрхэг байгаа шигээ тэдний аюулгүй байдалд түгших үндэслэл ч хангалттай буй юм. Тегеран нь Туркийг бүс нутагт нөлөөллөө бэхжүүлэхэд гол өрсөлдөгч гэж үзэж байгаа.
Египет, Саудын Араб хоёр сүүлийн үед харилцаагаа сэргээсэнд түгшүүр зарласан Иран үүнийг шийтийн Ираны эсрэг “исламын суннитийн орчин үеийн эвсэл” болон хувирах вий хэмээн болгоомжилж байна. Асадын дэглэм нурвал Ираныг аюултай ганцаардмал байдалд аваачих магадлалтай. Тиймээс ч Сирийн босогчдыг зэвсэглэж байна хэмээн Турк болон Булангийн зарим улсыг Тегеран буруушааж, үүгээрээ Израиль, АНУ-тай сөргөлдөж буй. Дайны хөлөөс зугтаж Туркийн хил давсан Сирийн иргэдийн тоо 47.500-д хүрсэн болохыг Туркийн ГХЯ мэдэгджээ.
Өмнөд Африкт айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон Сирийн одоогийн засаг захиргааг огцруулах талаар олон улсын хамтын нийгэмлэг бодож төлөвлөх цаг болсныг сануулжээ. Сирийн санхүүгийн нийслэл Алеппод тулалдаан, бөмбөгдөлт үргэлжилсээр байна.
Х.ЭНХ