Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогдон Ганцхудагт цагдан хоригдсон найруулагч Г.Бадамрагчааг өнгөрсөн даваа гаригт прокурор, мөрдөн байцаагчийн шийдвэрийн дагуу батлан даалтад гаргажээ. ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүнийг Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж цагдан хорьсон юм.
Г.Бадамрагчаа нарын хэд хэдэн хүнийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагынхан сэжиглэн шалгаж буй юм. Энэ хэрэгт холбогдуулж, үндсэрхэг үзэлт залуусын “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэнг шалгаж байгаа гэж байсан. Д.Гансүрэнгийн тухайд эрүүгийн хэрэг үүсгээгүй, зөвхөн гэрчийн мэдүүлэг аваад явуулсан гэдгийг ТЕГ-ын албаны эх сурвалж мэдээллээ.
Прокурор, тагнуулын ажилтнууд Г.Бадамрагчааг батлан даалтад гаргасан үндэслэлээ “Эрүүл мэндийн байдлаас болсон. Эмчийн дүгнэлтийг үндэслэн ийм шийдвэр гаргасан” гэв.
Г.ЦОЛМОН