Митт Ромни хийгээд Бүгд найрамдах намынхан сонгуулийн хандивын сангаа долоодугаар сард 101 сая ам.долларт хүргэн, Ерөнхийлөгч Б.Обамагийн санд цугласан хөрөнгийг гурав дахь сардаа давж чадлаа. Цагаан ордны эзэн, түүний АН өмнөх сард сангийнхаа хуримтлалыг 75 сая “ногоон”-д хүргэсэн байна. Олон нийтийн сүүлийн үеийн санал асуулгаар, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хоорондоо ана мана өрсөлдөж, Б.Обама Ромнигоос ялимгүй саналаар илүү явна. Арваннэгдүгээр сарын сонгууль болоход яг гурван сарын хугацаа үлдэж байгаа энэ үед сурталчилгааны кампанийн шувтаргын шатанд байдгаа шавхаж гүйцэх анхны Ерөнхийлөгч нь Аме рикийн түүхэнд Б.Обама болж магадгүй нь. Тэгвэл дөрвөн жилийн өмнө тэрбээр сард 100 гаруй сая доллар цуглуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс түүхэнд анхных нь хэмээн хэвлэлд цоллуулж байв. Түүгээр ч үл барам улсын төсвөөс хөрөнгө хуваарилдаг уламжлал 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниар тасалдан, олны нүдийг бүлтийлгэж байсан цаг холгүй.
Харин өнөө жил улиран сонгогдохоор хүчээ үзэж буй Ерөнхийлөгч хөрөнгө мөнгөний хувьд гачигдал амсаж мэдэх нь гэдгээ мэдэрч, дэмжигчдэдээ ил шулуун зарлахаас нэрэлхсэнгүй. Санхүүгийн гачаал реклам, офисын зардал, шуудан харилцаанд хэмжээ хязгааргүй хөрөнгөд эзэн суусан мэт үрэлгэн загнаснаас үүдэлтэй аж. Уг нь ийм зүйл болох ёсгүй, үгүй дээ л үүнээс зайлсхийх боломж байсан бололтой. Консервативууд бүр хоёр жилийн өмнөөс Обама хан дивын сангаа үлэмжхэн өсгөснөөр 2012 оны кампанид нэг тэрбум доллар зарж болзошгүй гэж болгоомжилж байв. Өрсөлдөгчөөсөө хөрөнгө мөнгөний тал дээр хоцорч эхэлсэн нь М.Ромни болон БНН-ын Үндэсний хорооны албан ёсны түншүүдэд сурталчилгаанд зарцуулах санхүүжилтээрээ толгой цохих үүд нээж өгөх нь.
Цагаан ордны тэргүүний суудалд буй Ерөнхийлөгч сурталчилгаандаа зарах хөрөнгө мөнгөний гачигдалтай нүүр тулсан тохиолдол өмнө ч гарч байжээ. Сенатч Боб Доул ба Ерөнхийлөгч Билл Клинтон, Рональд Рейган ба Ерөнхийлөгч Жимми Картерын хооронд үүссэн санхүүгийн зөрүүтэй байдал анхаарал татахуйц хэмжээнд хүрч байв.
Эдгээр марафонд Доул хожигдож (1996 он), Рейган өрсөлдөгчөө ялсан (1980 он) юм. 2008 онд Обама кампанит ажилд нь тус болох гэсэн бие даасан бүлгүүдээс аль болох зай барьж байсан бол, өдгөө дурын тусламжийг олдож л байвал дансандаа ху римтлуулахаас аргагүйд хүрч байгаа аж.
Нэгэнтээ түүний нэг нүдээр харахгүй явсан гаднын бүлгүүдтэй зөвлөхүүд нь яриа өрнүүлж, Обама үүнд өөрөө сэтгэл гонсгор сууна. Super Political Action committees (Pacs) буюу бие даасан бүлгүүд нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой хязгаар тогтоогоогүй санхүүгийн тусламж үзүүлдэг.
БНН-ын ардах Super Pacs-ууд АН-ынхтай харьцуулахад хавьгүй их хөрөнгө хандивлажээ. Долоодугаар сард М.Ромнийн санд цугласан хандивын 94 хувь нь 250, түүнээс ихгүй доллар байсан нь нийтдээ 25,7 сая доллар болсон аж. Гэхдээ Ромнийн хандивын сангийн 75 хувийг бүрдүүлж буй доноруудын зургаан хувь нь өргөлөө өнгөрөгч сард өгчээ. Харин Обамагийн штабын мэдээллээр, долоодугаар сард өргөсөн хандивын хөрөнгийн 98 хувь нь 250 доллараас доош байсан аж. Энэ бүхний улмаас Ерөнхийлөгч Обама хандив цуглуулах хоёр ч аяныг Коннектикут мужид өрнүүлж, өөрийн биеэр оролцохоор төлөвлөөд байна.
Х.ЭНХ