Цагаан ордны тэргүүн Б.Обамагийн ахлах зөвлөх Дэвид Плаф Ираны Засгийн газартай хамтран ажилладаг компанитай холбоотой фирмээс 100.000 ам.долларын урамшуулал авсан болохыг “Washington post”-от бичжээ.
Ноён Плаф 2010 оны арванхоёрдугаар сард Нигерид үүрэн холбооны технолог, тоон харилцаа холбооны талаар хоёр удаа илтгэл тавьжээ. Үүнийхээ төлөө Өмнөд Африкийн “MTN group”-ийн охин фирмээс дээрх хэмжээний шагнал гардсан юм байна.
Теле харилцаа холбооны “MTN group” компани нь Ираны энэ чиглэлээр ажилладаг Төрийн мэдлийн компанитай ажил хэргийн холбоотой байжээ. Дээрх илтгэлээс сарын дараа Плаф Цагаан ордонд алба хаших болсон аж.
Тэрбээр 2008 онд Б.Обамагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг тэргүүлэн ажилласан. Энэ асуудлаар Плафаас тодруулж, ярилцлага авах боломжийг Цагаан ордон хэвлэлийнхэнд олгохоос цааргалжээ. Засаг захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Эрик Шульц “Тухайн үед Плафыг Нигерид илтгэл тавиулахаар урих үед “MNT group”-ийн Иран дахь үйл ажиллагаа чухал асуудал байгаагүй” гэсэн тайлбар хийжээ. Түүгээр ч үл барам Ирантай холбоотой фирмүүдээс иймэрхүү шагналыг Ж.Бушийн засаг захиргааны өндөр албан тушаалтнууд ч авч байсан гэж одоогийн Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгчид “барьцжээ”. “MNT group”-тэй хамтарч бизнес хийж байсан компани нь Ираны цэргийн элитийн бие бүрэлдэхүүн болох Исламын хувьсгалт хамгаалагчдын корпуст харьяалагддаг ажээ.
Ахлах зөвлөх нь Ирантай холбоотой компаниас шан харамж авсан нь Ерөнхийлөгч Б.Обамад түвэгтэй байдал бий болгож мэднэ. Учир нь, Лалын бүгд найрамдах улсын эсрэг байр сууриа Цагаан ордон сүүлийн өдрүүдэд чангатган, нэмж хориг тавьсан. Б.Обамагийн засаг захиргааг Тегераны талаар хэт толгойг нь илсэн бодлого явуулж байгаа гэж шүүмжлэгчид хэлдэг. Ялангуяа БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй, Массачусетсийн экс захирагч Митт Ромни сүүлийн үед энэ тухай байнга дуугарах болсон юм.
Х.ЭНХ