УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт Тагнуулын ерөнхий газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тагнуул болон АТГ-ын эх сурвалжийн мэдээлснээр салаавч гаргасны төлөө эрүүгийн хэрэг үүсгээгүй юм байна. АТГ-ын ажилтнууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан саатуулахаар гэрт нь дайрч орох үед Ц.Шинэбаяр тэнд байж таарсан. Ингэхдээ тэрбээр салаавч гаргаад зогсохгүй, төрийн албан хаагчийн биед халдсан аж.
Тиймээс АТГ-аас энэ зохисгүй үйлдэлд нь хариуцлага тооцуулах хүсэлтээ прокурорт гаргасан аж. Нийслэлийн прокурорын газраас албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн алба хаагчдад халдсан асуудлыг шалгах харьяаллыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст тогтоож өгчээ. Ц.Шинэбаяр АТГ-ын ажилтнуудад хүч хэрэглэсэн, заналхийлсэн асуудал гаргасан учраас ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
Г.ЦОЛМОН