Сүхбаатар дүүргийн шүүх хоёр өдөр хэлэлцэж, цагдаагийн дарга нарт хорих ял оноосон билээ. Анхан шатны шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 3.5, О.Зоригтод 2.6 жил хорих, дэд хурандаа Г.Ганбаатарын ялыг биеэр эдлэх шаардлагагүй гэж үзээд батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нар яллах дүгнэлтээ өнгөрсөн сарын дундуур гардан авсан бөгөөд давж заалдах гомдлоо өмгөөлөгчдийнхөө хамт Нийслэлийн шүүхэд гаргасан байна.
Тэдэнд холбогдох хавтаст хэрэг өнгөрсөн баасан гаригт давж заалдах шатны шүүхэд ирсэн бөгөөд өчигдөр Нийслэлийн шүүхээс хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хуралд оролцох бүрэлдэхүүнийг томилсон байна. Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн цагдаагийн дарга нарын хэргийг илтгэхээр шүүх хуралд томилогджээ. Шүүгч Б.Батцэрэн ээлжийн амралттай байгаа учраас ажилдаа ортол нь шүүх хурлыг товлох, хэрэгтэй танилцах хугацаа нь тодорхой болохгүй гэнэ.
Г.РАВЖАА