2010 оны гуравдугаар сар. Йоханнесбург хот. О.Р.Тамбогийн нэрэмжит онгоцны буудал дээр хурсан олны дунд уусан алга болоход тун хялбар байхыг 29 настай вьетнам залуу Суан Хоанг тооцоолсон байлаа. Тэрбээр олны анхаарал татчихгүйн тулд толгойгоо бөхийлгөн Хошимин явах зорчигчдыг онгоцонд суулгахыг тэсч ядан хүлээнэ. Цагдаагийн ноход үүгээр түүгээр зүтгэлэн хүмүүсийн барьсан тээшийг үнэрлэнэ. Чемоданаа нэгэнт өгөөд ачуулчихсан учраас вьетнам залуугийн сэтгэл үүнд огт түгшихгүй байв.
Харамсалтай нь, Вьетнам руу нисэх онгоцны бүх ачааг ӨАБНУ-д тусгай төхөөрөмжөөр шалгадгийг Суан Хоанг мэддэггүй байжээ. Хоангийн ачааг цахим төхөөрөмжөөр харахад хирсний долоон эвэрний дүрс дэлгэцнээ тодров. Нийтдээ 16 орчим кг байлаа. Хар зах дээр ийм хэмжээтэй эвэр хагас сая долларын үнэ хүрдэг.
ӨАБНУ-ын умард хилд байдаг Лимпопо мужид хэдэн өдрийн өмнө хулгайн анчдын гарт өртөж амиа алдсан хирснүүдээс салгаж авсан эвэр биш байгаа гэх хар цагдаагийн ажилтнуудад төрлөө. “Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн хирсийг алснаас хойш гурав хоногийн дотор эврийг нь гадагш авч гарахыг хичээдэг юм” хэмээн устаж үгүй болж буй амьтдыг хамгаалах албаны хурандаа Йохан Йоосте ярьж байна.
Лимпопод хирсийг унтуулагч бодис шингээсэн жадаар алдаг байна. Жадыг нисдэг тэрэгнээс харвадаг бололтой. Бүр мэргэшсэн хүмүүс энд “ажилладаг” аж. “Хирсний эврийн үнэ дэлхийн хар зах дээр огцом өслөө. Чухам үүнээс шалтгаалж хулгайн анчид зохион байгуулалтад орсон. Эврийг зөөгчид яг л мансууруулах бодис тээвэрлэгчид шиг ажиллаж байна. Тэд манай улсад жуулчин маягаар орж ирдэг. Тэгээд хулгайн анчидтай гар утсаар холбогдож бараагаа авмагц холбооны хэрэгслээ хаячихдаг” гэж мөнөөх хурандаа ярив.
Энэ “зөөгчийг” саатуулж чадлаа ч гэсэн гэмт хэрэгт холбогдолтойг нь тогтооход ихээхэн хэцүү аж. Хурааж авсан эврийг яг аль хирснээс салгаж авсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт байгаа эсэхийг ӨАБНУ-ын шүүгчид шаарддаг байна. Тиймээс эврийг алагдсан хирснүүд дээр аваачиж шалгаж үзэх хэрэгтэй болдог. Энэ нь тийм ч амар ажил биш. Эврийг хөрөөдөж авахдаа маш нямбай ханддагаас, тодруулбал хөрөөдсөн гадарга нь их тэгшсэн байдгаас аль хирснээс уг эврийг авсаныг тогтоох боломж хомс гэж Йоосте ярилаа. Тиймээс Суан Хоангаас хурааж авсан эврийг шинэ аргаар шалгахаар шийдэж, Преторийн их сургуулийн зоогенетикийн лаборатори руу явуулж шинжлүүлсэн байна. Хирсний эвэр нь адууны туурайтай ижил материал (кератин)-аас бүтсэн байдаг аж. Хоангийн чемоданд байсан эврүүдийн хоёр нь Лимпопо мужид алагдсан хирснийх болох нь лабораторийн шинжилгээгээр нотлогдов. Уг нотолгоог шүүгчид нотлох баримт болгон ашиглаж вьетнам залуугийн хэргийг шийджээ.
Одоогоос хэдэн арван жилийн өмнө хулгайн ан гээч юм Африкт газар аваад байв. Тэр цагт Ази тив рүү эврийг нь гаргах ганцхан зорилгоор хулгайн анчид хирсийг ёстой хиаруулж байлаа. Хирсний эврийг тэндхийн эм баригчид анагаах ухаанд ашигладаг байжээ. Эвэр бас Арабын орнуудад эрэлт хэрэгцээтэй байдаг. Түүгээр хутганы бариул хийдэг байна.
1990-ээд онд олон улсын зүгээс дарамт шахалт амссаны улмаас Хятад улс эм бэлтгэхэд хирсний эврийг ашиглахаа болив. Ойрхи Дорнодод чичлүүр хутганы бариулыг хуванцраар хийх боллоо. Ийнхүү хулгайн анчид ялагдал хүлээх шиг болов.
Гэвч нам жим байдал удаан үргэлжилсэнгүй. Хирсний эврийн үнэ 2008 онд хар зах дээр санаанд багтамгүй өсөв. Хялбар ашгийн төлөө улайрагчдыг хирсний эврийн хумхаа өвчин дайрах нь тэр. Ганцхан 2011 онд л гэхэд Европын музей, дуудлага худалдааны газрууд, ховор зүйлийн дэлгүүрээс хирсний эврийг 20 удаа хулгайллаа.
ӨАБНУ-д хулгайн ан гаарав. Эндхийн хирсний тоог дэлхий дээр хамгийн тогтвортой нь гэж уг нь үздэг байсан юм. Тус улсад хирсийг илээр агнах тоо хэмжээг тогтоож, чанд мөрдөх болсон нь үүнд гол нөлөө үзүүлсэн аж. Ганц хирс агнах зөвшөөрлийг доод тал нь 45 мянган доллараар авна. Тийм болохоор хирсийг өсгөж үржүүлэх, хамгаалах аж ахуйг эрхлэгчид ч нэмэгджээ. Гэвч эвэрний үнэ эрс нэмэгдмэгц энэ механизм үр ашиггүй болж нөгөө өндөр өртгөөр олддог зөвшөөрөл маань анчдын хувьд асар их орлоготой бизнес рүү хөл тавих хямдхан эрх болж хувирсан байна. Азиас ирдэг жуулчид зөвшөөрлийг ар араас нь авах болов. Жирийн гөрөөчин байсан хүмүүс их мөнгөнөөс болж хулгайн анчид болж хувирлаа.
Хирсний эвэр яагаад өндөр үнэтэй болов?
Дэлхийн онгон байгалийн сан, Олон улсын байгаль хамгаалах холбооноос боловсруулсан “Трэффик” хөтөлбөрийн ажилтнууд энэ асуултын хариултыг мэднэ. Хирсний эврээр бэлтгэсэн эм Вьетнамын нэг томоохон албан тушаалтны элэгний хорт хавдар өвчнийг эдгээсэн бололтой.
Ер нь бол хирсний эврийг нунтаглаж хэрэглэхэд халуун буулгадаг, даралт хэвийн болгодог гэж Дорно дахины анагаах ухаан үзсээр иржээ. Тэгэхдээ үүнийг орчин цагийн эмнэлгийн шинжлэх ухаан нотлоогүй аж.
2011 онд ӨАБНУ-ын нутагт хулгайн анчид 400 хирс, 2012 оны эхний гурван сард дор хаяж 90 хирс алсан байна. Тэгвэл Вьетнамд болсон ид шидийн гэмээр явдлын тухай цуу үг хүмүүсийн сонорт хүрээгүй байсан 2007 онд ердөө 13 хирс агнасан байв.
ӨАБНУ-д хирсийг бүр 1950-иад оноос шилжүүлэн нутагшуулах болжээ. Тэгэхдээ гурван тн жинтэй, ааш муутай түүнийг ачааны чингэлэгт хийгээд зөөнө гэвэл бүтэхгүй. Тиймээс түүнийг нисдэг тэргээр нэг нэгээр нь зөөнө. Одоо ӨАБНУаас аваачсан хирснүүд Ботсван, Зимбабве, Мозамбикт “аж төрж” байна.
...Вьетнам залууг баривчилснаас хойш 2-3 сарын дараа цагдаагийн ажилтнууд хувийн нэгэн үржүүлгийн газрын эзний гэрт нэгжлэг хийсэн байна. Нэгэн нисдэг тэрэг тэдний эзэмшил дээгүүр явж байснаа доошилж улмаар хэд хэд эргэлдэхийг энэ эзний хөршүүд нь анзаарч улмаар хов хүргэсэн аж. Цагдаа нар тэр нисдэг тэрэг, түүний эздийг хайж олов. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэгэн эр гэргийнхээ хамт ийн ан хийдэг байсан аж. Энэ хэрэгт орон нутгийн хоёр малын эмч оролцсон байв. Хүмүүс хирснийхээ амь насыг тэдэнд даатгасан байтал нөгөөдүүл нь харин хулгайн анчдын гар хөл болсон байлаа. Хирсний 20 сэг олджээ. Энэ хэрэгт 11 хүн холбогдов. Тэдний хэргийг энэ оны хавар шүүсэн юм. Энэ хүртэл сэжигтэн этгээдүүдийн ихэнх нь сул чөлөөтэй явж байсан аж.
Дэлхий дээр таван төрлийн хирс байдгийн ихэнх нь Африкт, цөөн тооных Азид байдаг аж. Тэдний дотроос цагаан хирс байгальд 20200, амьтны хүрээлэн, үржүүлгийн газар 750 нь байна. Харин “умардын” гэх төрөл зүйл нь байгальд тааралдахаа больжээ.
Тэгвэл хар хирс нийтдээ 4880 байгаа. Жингээр цагаанаасаа бага, эм нь 900 кг, эр нь 1.4 тн хүрнэ. Хуягт хирс 2850 бий. Ганц эвэрт энэ хирсийг Индостаны хойгоос гаралтай гэж үздэг. Одоо зөвхөн Энэтхэгийн зүүн хойт нутаг, Непальд байгаа.
Суматрын хирс ердөө 2200-275 ширхэг бий. Биеэр бусдаасаа хамгийн жижиг энэ төрөл анх Зүүн өмнөд Азид тархсан гэдэг. Одоо зөвхөн Суматри арал дээр л байдаг.
Явагийн хирс 40-өөс илүүгүй тоотой бий аж. Хуягт хирсний ойрын садан болох энэ төрөл Зүүн өмнөд Азид нэлээд элбэг байжээ. Одоо Ява арлаас өөр газар байхгүй. Вьетнамд байсан сүүлчийн явагийн хирсийг 2010 онд буудчихсан байна.
Цагаан хирс Мароккогоос Сайн итгэлийн хошуу хүртэл бүх Африкт тархжээ. Колоничлолын үед тэднийг хайр найргүй устгаснаас XIX зууны эцэст тус тивийн өмнөд хэсэгт хэдхэн зуун цагаан хирс үлджээ. Англичууд Африк тивийг эзэрхийлж байхдаа анхны дархан цаазат газрыг бий болгожээ. Тэнд одоо хирс үржүүлж байна.
Хирс хараа их муутай амьтан. Тиймээс биенээ өмхий үнэрээр нь олдог байна. Үнэр бол нэг ёсондоо тэдний нэрийн хуудас нь.
Хирс их зодоонч амьтан. Энэ төрлийн амьтныг англи хэлээр “крэш” гэж нэрлэдэг нь “мөргөлдөөн” гэсэн утгатай юм.Овор ихтэй, ямар ч авир араншин гаргаж мэдэх энэ амьтны зузаан арьс олон нугалаастай.
Цагаан хирс сэрвээгээрээ 180 см өндөр. Нас гүйцсэн эр хирс гурван тонн хүртэл жин татдаг. Хамар дээр байх эвэр нь 1.5 м урт байх нь бий. Түүний ард нэлээн богинохон бас нэг эвэр байдаг. Маш жижигхэн нүд нь товч шиг харагдана. Хараа муу ч сонсох, үнэрлэх эрхтний хөгжил сайтай.
Хар хирс цагаанаасаа хоёр дахин бага жинтэй, харин авир нь илүү хэрцгий, догшин. Үнэн хэрэг дээрээ хар, цагаан хоёр хирсний арьс өнгөний хувьд адил. Цагаан нь ам томтой, ногоо иднэ. Хар нь навч идэх дуртай. Хээлээ 16 сар тээнэ.
Р.ЖАРГАЛАНТ