АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөсөн Ч.Баттуул гэх эмэгтэйд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Уг нь энэ хэргийг өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байсан юм. Гэвч нэмж тодруулах зүйл байсан учраас дахин шалгахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ.
Ч.Баттуул нь Жон Мартин Кийнийг “Хамтарч бизнес хийе” хэмээн Монголд авчирсныхаа маргааш буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн ойролцоо аваачиж хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг ЭЦГ-ын ажилтнууд илрүүлсэн юм.
Уг хэрэгт холбогдуулан найз залуу болон ахыг нь шалгасан ч холбогдолгүй нь тогтоогдсон юм. Ч.Баттуул Тайванийн технологийн их сургуульд сурч байхдаа англи хэлний багшаар ажиллаж байсан Жон Мартин Кийнтэй танилцсан бөгөөд сэжигтэн түүний хайртай шавь нарын нэг байсан гэх юм билээ. Түүгээр зогсохгүй Ч.Баттуулд байнга тусалж дэмжихийг хичээж байсан гэдэг.