ХААН банкны Налайх дүүрэг дэхь салбарт дээрмийн хэрэг хийх явцдаа хүн буудаж хөнөөсөн А.Бат-Ялалтад холбогдох хэргийг өнгөрсөн зургаадугаар сард нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан дээрх хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаад, яллагдагч А.Бат-Ялалтаас зайлшгүй шалгаж тодруулах зүйл гарсан учраас дахин шалгуулахаар болсон билээ. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн хүнд өр, зээлтэй байсныгаа дарахын тулд банкинд халдсан. Гэнэт хүн орж ирэхээр нь сандраад буудсанаас хүний амь бүрэлгэчихлээ гэж мэдүүлжээ.
А.Бат-Ялалтад тайрмал буу худалдсан гэх Дархан-Уул аймгийн иргэн Э-г олж шалгасан ч хүн амины хэрэгт холбоогүй тул гэрчээр тайлбар авсан сурагтай. А.Бат-Ялалтад холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэхэд бэлэн болоод буй аж. Хэргийн талаар эргэн сануулахад, ХААН банкны Налайх дахь салбарт А.БатЯлалт энэ оны хоёрдугаар сарын 3-нд хоёр хүнийг буудахдаа, иргэн Б-гийн амь насыг хохироож, тус дүүргийн иргэн А-гийн гарыг гэмтээн хэргийн газраас зугтсан юм.
Тэрбээр зугтах замдаа хөлсөлсөн автомашиныхаа жолоочид буу тулган сүрдүүлж, цагдаагийн алба хаагчдыг саатуулах үед эсэргүүцэж, буу гарган танхайрсан юм. Талийгаач Б нь Налайх дахь ХААН банкны салбарын захирлын нөхөр байсан билээ.