Цагаан ордны тэргүүн Барак Обама 51 насныхаа төрсөн өдрийг бямба гаригт гольф тоглож өнгөрүүлжээ. Тэрбээр энэ спортод тун дуртай нэгэн агаад Америкийн агаарын цэргийн хүчний Эндрюс бааз дахь ногоон талбайд хамт ажиллагчид болон нөхөдтэйгөө алжаал тайлах үед нь цаг агаар бүгчим халуун, чийглэг байсан гэнэ.
Үүний дараа Ерөнхийлөгч Мэриленд муж улсын нутаг дахь Кэмп-Дэвидийн өргөө рүү нисдэг тэргээр очсон агаад үдшийг хэрхэн өнгөрүүлэх, гэргий Мишельтэйгээ барих төрсөн өдрийн зоогийн цэс зэргийн талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэл өгсөнгүй.
Обамагийн хоёр охин энэ долоо хоногт зусланд амарч буй агаад аавдаа баяр хүргэхээр гэртээ харих эсэх нь тодорхойгүй. Ерөнхийлөгч Б.Обама Эндрюсийн баазад үе үе гольф тоглодгоос гадна амралтын өдрүүдэд Вашингтонд сагсанбөмбөг тоглох дуртай. Тэрбээр энэ долоо хоногт Коннектикут, Колорадо мужид сонгуулийн кампаниар айлчлахаас гадна ирэх амралтын өдрөөр Чикаго дахь гэртээ Ерөнхийлөгчид улиран сонгогдохын төлөө хандивын аян өрнүүлэхээр төлөвлөжээ.
Дэд Ерөнхийлөгч Жо Байдены өнгөрөгч сард мэдээлснээр бол, тав ба түүнээс дээш долларын хандив өргөсөн дэмжигчид Ерөнхийлөгчийн өргөөн дэх уулзалтад оролцогсдыг тодруулах сугалаанд өрсөлдөх эрхтэй болно. Магад Ерөнхийлөгч төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэснээ энэ үеэр азтай зочидтой хуваалцах биз ээ.
Х.ЭНХ