Улсын хилээр хууль бусаар самар гаргах гэсэн хэд хэдэн хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн. Тухайн үедээ сүр дуулиан таривч, явцын дунд мартагдаж, замхруулдаг нь хууль хяналтын байгууллагынхны гэм биш зан болоод байгаа. Хамгийн сүүлд л гэхэд гаалийн ажилтан лацаа ченжүүдэд “бэлэглэж”, хуурамч бүрдүүлэлтээр самар гаргах гэж байсныг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд илрүүлсэн.
Энэ хэрэг болон бусад “самрын” гэх хэргийн хувь заяа хэрхэснийг эргэн сурвалжиллаа. Хууль бусаар самар бэлтгэж байна гэдэг нь Монголын баялгийг хууль бусаар БНХАУ руу гаргадаг нууц сүлжээ буйг илтгэж байна. Тиймээс цагдаагийнхан энэ төрлийн хэрэгтэй дангаараа бус тагнуулын болон олон нийтийн байгууллагаас мэдээлэл авч ажиллахад илүү үр дүнд хүрэх болов уу.
30 ТН САМАР БЭЛТГЭСЭН ХЭРГИЙГ ШҮҮХ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ
Монгол Улсын Засгийн газраас хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, бэлтгэхийг хориглосон хугацааг сунгасан. Гэвч хөдөө орон нутгийн иргэд нууцаар бэлтгэж, самрын ченжүүдэд худалдсаар байгаа. Цагдаагийнхан Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс өнгөрс өн өвөл нэлээд хугацаанд судалж байж, хууль бусаар бэлтгэсэн самар худалдан авдаг ченжүүдийг тогтоосон. Шалгалтын явцад мон голчуудад мөнгө өгч, самар бэлт гүүлж байсан БНХАУ-ын 2-3 иргэнийг илрүүлсэн юм. Цагдаагийнхан олон хоног мэдээлэл цуглуулсны дүнд зорьсондоо хүрч, хууль бусаар бэлтгэсэн самрыг худалдан авч хадгалж байсан агуулах, түүний эздийг өнгөрсөн нэгдүгээр сард илрүүлсэн билээ.
Эх сурвалж “Сонгинохайрхан дүүргийн нутаг, төмөр замын 361-ийн гармаас холгүй, нууц байдалд барьсан агуулахад машинууд нууцаар очиж самар ачиж буулгаж байсан. Уг нууц агуулахад пиг дүүрэн самар хураасан байсныг жинлэж үзэхэд 30 гаруй тн-д хүрсэн” гэж байсан. Цагдаагийнхан уг самрыг ЦЕГын дэргэдэх битүүмжилсэн эд хөрөнгийн агуулахад зөөж аваачсан бөгөөд самар худалдан авч байсан Б гэх залууг сэжигтнээр тооцон шалгасан юм. Сонгинохайрхан дүүргийн Цагдаа гийн хэлтэст шалгасан уг хэрэгт тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлэхээр шилж үүлсэн аж. Харамсалтай нь шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
27 ВАГОН САМРЫН ХЭРГИЙГ ШАЛГАХ АЖИЛ ЗОГСЧЭЭ
Монгол, хятад иргэдийн зохион байгуулалттай бүлэг хууль бусаар их хэмжээний самар нэвтрүүлсээр байгаа юм. Энд хууль хяналтын байгуул лагынхан холбогдож нэрээ сэвтээгээд амжсан билээ. Бүр тодруулбал, мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнууд, цагдаагийнханд авлига өгч, хуурамч бүрдүүлэлтээр хил давуулахыг завдсан болон нэвтрүүлсэн 27 вагон самрын хэрэг нэг хэсэг дуулиан тарьсан. Энэ хэрэг яагаад таг чиг болов гэдгийг бид нэхэн сурвалжиллаа. 27 вагон самрын хэрэгт цагдаа, гааль, мэргэжлийн хяналтынхан оролцсон бөгөөд нийт 20 орчим хүн хэргийн сэжигтнээр шалгуулаад өдгөө мөрдөн байцаалтын ажиллагаа зогсчихоод байгаа гэнэ.
Мөрдөн байцаалт зогсоод байгаа шалтгааныг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эх сурвалж “Хэргийн гол холбогдогч болох цагдаагийн ажилтан асан Х.Амартүвшин нь мөрдөн байцаалтаас оргож, одоо болтол олдохгүй байгаа. Түүнийг олбол зохион байгуулалттай энэ хэргийн учиг нэлээд тайлагдах бололтой. Х.Амартүвшин нь хууль бусаар эд зүйл гаргах ажлыг гардан зохион байгуулж, хуурамч бүрдүүлэлт хийж хил давуулж өгдөг байсан” гэв.
Х.Амартүвшин нь БНХАУын иргэдтэй холбоотой байж, дээрх 27 вагон самрыг жонш гэсэн нэрээр гаалийн хуурамч бүрдүүлэлт хийлгэж, гаргаж өгчээ. Харин энэ хэрэгт нь өмнө нь хээл хахууль авч, эд зүйл хууль бусаар хил давуулж байсан хэрэгт холбогдсон ч хэн нэгний татаасаар хэрэг нь шийдэгдэлгүй мултардаг гаалийн байцаагч нар холбогдсон юм.
Улаанбаатараас самар ачсан галт тэрэг Замын-Үүдэд очиход гаалийн байцаагч, хилийн мэргэжлийн хяналтынхан, хил хамгаалах байгууллагын ажилтнууд албан үүрэгтээ хайнга хандаж, “Гүний гаалийн бүрдүүлэлттэй” хэмээн шалгалгүй явуулдгаас Монгол Улсын эдийн засагт их хэмжээний буюу зах зээлийн ханшаар дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулаад байгаа.
Самар хилээр хууль бусаар гаргадаг зохион байгуулалттай энэ бүлэглэлийнхэн Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт самраа “гардуулж”, тэдэнд авлига өгснөөс хойш энэ зохион байгуулалттай бүлэглэлийн хятадууд хил давж зугтсан юм. Тухайлбал, энэ хэргийн холбогдогч Зоригт нэртэй хятад “Эмээлт”-д хэд хэдэн объект авч, түүндээ арьс, түүхий эдээс гадна самар, түүгээр ч зогсохгүй их хэмжээний мах хадгалсан байсан бөгөөд хууль хяналтын байгууллагынхан агуулахыг нь битүүмжилсэн байсан ч дотроос нь ямар нэг аргаар бараагаа авсаар өдгөө хов хоосон болоод буй гэнэ.
ЛАЦАА ХУДАЛДСАН ГААЛИЙН БАЙЦААГЧИЙГ СЭЖИГТНЭЭР ШАЛГАЖ БАЙНА
Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй байх тангарагтай Монгол Улсын гаалийн байгууллагын ажилтнууд хуурамч бүрдүүлэлт хийж өгч, их хэмжээний самар хилээр гаргах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллагын ажилтнууд нэг сарын өмнө илрүүлэн шалгаж эхэлсэн тухай бид мэдээлж байсан. НХЭГ-ын эргүүлийн ажилтнууд Төмөр замын ачаа тээш ачдаг зам дээр тавьсан вагонуудад шалгалт хийгээд, дөрвөн вагонд 100 гаруй тонн цайруулсан самар ачиж, заримыг нь лацадсан байсныг илрүүлсэн юм. Уг самрын эзэн нь иргэн Э.Ганхуяг гэдэг хүн. Тэрбээр гаалийн ажилтан танилаасаа лацыг нь авсан гэнэ. Энэ ноцтой хэрэгт холбогдуулж Улаанбаатар хотын гаалийн газрын нэр бүхий хоёр ажилтныг шалгаж буй юм билээ.
Сэжигтэн гаалийнхнаас лац авахдаа “Улаанбаатар” төмөр замын холбогдох албаныханд ачааны захиалга өгөхдөө “Хаягдал цаас ачна” гэсэн хүсэлт тавьсан юм байна. Гэвч хаягдал цаасны ард их хэмжээний самар ачаад улмаар хаягдал цаас гэж үнэмшүүлэхийн тулд шуудайлсан самрын наад хэсэгт нь хэдэн боодол цаас ачсан байсан нь хэргийн газрын үзлэгээр тодорхой болсон. Э.Ганхуяг болон гаалийн хоёр ажилтныг өдгөө Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгаж буй бөгөөд лацаа худалдсан гаалийн байцаагч нарыг сэжигтнээр тооцон шалгаж буй аж.