Олимпийн уралдаан, тэмцээн сурвалжлах сэтгүүлчдийг зөөвөрлөх хоёр давхар автобус лхагва гаригийн орой дугуйчин мөргөж, амийг нь хохироожээ. Олимпийн паркийн нутаг дэвсгэр рүү орох гарцаас хэдхэн метрийн зайд осол гарч, 28 настай эрэгтэй газар дээрээ нас барсан тухай AFP мэдээлэв.
Олимпийн дөрөв дэх алтан медалиа гардсан Британийн дугуйчин Брэдли Уиггинс дээрх явдлын талаар “Дугуйчдын хувьд Лондон аюултай хот. Замын хөдөлгөөнд оролцож буй бүх хүн бие биедээ хүндэтгэлтэй хандаж, бас дугуйчдыг хуулиар дуулга заавал өмсүүлдэг болгох хэрэгтэй” гэж ярьжээ.
Дугуй нь Лондонд өргөн дэлгэрсэн тээврийн хэрэгсэл. Хотын эрх баригчид дугуй хөлөглөгчдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хэд хэдэн кампанийг сүүлийн жилүүдэд өрнүүлжээ.