Хятадын Шинжаан-Уйгарын Өөртөө засах орны шүүх терроризм, салан тусгаарлах хэрэгтэй холбогдуулан 20 хүнд 15 хүртэлх жилийн хорих ял оноосон тухай “People’s Daily” сонин мэдээлэв. Эл шийдвэр лалын шашинтан давамгайлдаг тус мужийн мусульманууд Рамадан сарын мацаг барьж буй үетэй давхацлаа.
Өрөмч, Кашгар, Аксу хотын шүүхээр шийдвэрлэсэн эдгээр хэргийн яллагдагсад бүгд уйгар юм байна. Алан хядах ажиллагаа хийхээр бэлтгэсэн, террорист байгууллага албан ёсоор байгуулсан, тэсрэх бодис үйлдвэрлэж, туршсан, салан тусгаарлах болон шашны хэт даврах үзэлд уриалсан хэвлэлийн материал, хөдөлгөөнт дамжуулагчийг зэхсэн зэрэгт тэднийг буруутгажээ.
Афган, Пакистан, Энэтхэг болон Төв Азитай хил залгаа стратегийн чухал байршилд орших Шинжаан-Уйгарт үе үе гардаг хү чирхийллийг Бээжин лалын салан тусгаарлах үзэлтэй холбон тайлбарладаг. Салан тусгаарлагчид Зүүн Туркистаны тусгаар улс байгуулах зорилготой ийм үйлдэл хийдэг гэж үздэг юм. Мөн халдлагын заримыг Пакистанд бэлтгэгдсэн мусульманы бүлэглэл үйлдэж байгаа тухай өмнөд хөршийн удирдлага мэдэгдсэн нь бий. Харин дээрх тайлбарыг нь хүний эрхийн байгууллагууд “хэт дөвийлгөсөн дүгнэлт, бүс нутагт хяналтаа алдахгүйн тулд өөрийн шийдвэрийг зөвтгөх гэсэн оролдлого” хэмээн үзсэн нь олон. “Дэлхийн уйгаруудын конгресс” цагаачлалын байгууллагын төлөөлөгч Дилксат Рэксит “Засгийн газар нь энэ хэргийг улстөржүүлж, системтэйгээ санал нийлэхгүй байгаа уйгаруудыг “терроризмын аюул” гэдэг үгээр халхавчлан дарахыг оролддог” гэж өгүүлж байна.
Хятадын нутаг дэвсгэрийн зургааны нэгийг бүрдүүлэх тус бүс нутаг газрын тос, байгалийн хий, нүүрсний ордоор баялаг тул Бээжин хараа хяналтаа сулруулах огтхон ч бодолгүй байх нь зүй. Шинжааны нийслэл Өрөмчид гурван жилийн өмнө хан үндэстэн болон уйгаруудын хооронд гарсан хүчирхийлэл 200 хүний аминд хүрсэн. Үүний дараа БНХАУын эрх баригчид Шинжааны хөгжлийг дэмжихэд анхаарлаа хандуулан, ялангуяа уйгаруудад чиглэсэн нийгэм, эдийн засгийн арга хэмжээг олноор авч эхэлсэн. Дээрх хүчирхийлэл гарсны нэг сурвалж чухам эдгээр асуудалтай холбоотой юм.
Х.ЭНХ