Сирийн “цагаачлалын” Засгийн газар байгуулах үйл явц эхэлсэн тухай тус улсын сөрөг хүчний төлөөлөгч Хайтам аль-Малех Каирт мэдэгдэв. Эл үүргийг зөвхөн Сирид суугаа ч бус, хилийн чанад дахь сөрөг хүчний төлөөлөл өөрт нь даалгасныг Малех тэмдэглээд, Засгийн газрын бүтэц түр зуурын шинжтэй байна гэлээ. Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг унагасны дараа түр Засгийн газар цэвэр сонгууль зарлан явуулах ажлыг хариуцаж, сонгуулийн дараа сонгогдсон эрх баригчдад Засгийн эрхийг шилжүүлэх юм байна. Малех Сирид дарангуйллын дэглэмийг халсны дараа засаглалын эзэнгүйдэл үүсэхээс сэргийлж, “цагаачлалын” Засгийн газрыг тэргүүлэхийг зөвшөөрчээ. Мусульманы суннит урсгалын төлөөлөгч Малех 81 настай, консерватив үзэл бодолтой нэгэн.
Хуульч мэргэжил эзэмшсэн тэрбээр хүний эрхийг хамгаалах чиглэ лээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Сирийн одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчийн үед шоронд хэд хэдэн удаа хоригдсон байна. Сирид өдгөө босогчдын хэдэн арван бүлэг үйл ажиллагаа явуулж буйгаас бүгд Сирийн чөлөөлөх армийн нэрийн дор байгаа. Гэсэн ч тэдэнд нэгдсэн командлал одоо хэр алга буй. Сөрөг хүчний улс төрийн жигүүрийг Сирийн үндэсний зөвлөл төлөөлдөг ч улс орондоо болж буй үйл явцад хүчтэй нөлөөлөх чадавх султай. Тус зөвлөлийн удирдагчдыг дэлхийн нэг ч орон хууль ёсных гэж хүлээн зөвшөөрөөгүй байна. “Цагаачлалын” буюу хилийн чанадад оршин суугаа Сирийн сөрөг хүчний төлөөллийн Засгийн газар байгуулах тухай мэдээ эх оронд нь цагийн байдал огцом хурцадсан үетэй давхцаж буй. Сирийн санхүүгийн нийслэл гэгдэх Алеппод тулалдаан тасралтгүй үргэлжилж байна.
САУДЫН АРАБ ДАМАСКИЙН ЭСРЭГ ХОРИГ ТАВИХ ТОГТООЛ САНААЧЛАВ
Саудын Араб Өрнөдийн хэд хэдэн оронтой зөвшсөний үндсэн дээр Сири дэх сөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн албан бус хуралдаанд танилцуулав. Уг төсөлд Арабын орнуудын лиг (АОЛ)- ийн жишээг дагаж, Дамаскийн эсрэг хориг арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүдэд уриалжээ. 2011 оны арваннэгдүгээр сард АОЛ-ийн авсан уг арга хэмжээ Арабын банкууд дахь Сирийн эрх баригч элитийн дансны гүйлгээг царцаах, Дамаск хийгээд Сирийн банкуудтай тогтоосон арилжааны харилцааг түдгэлзүүлэх, хамтарсан төслүүд, агаарын харилцааны мэдээлэл солилцоог зогсоох зэргийг багтаасан байна.
Мөн дээрх баримт бичигт долоодугаар сарын 3-нд Каир хотноо АОЛ-ийн ивээл дор болсон Сирийн сөрөг хүчний бага хурлын үр дүнд баяр хүргэжээ. Ийнхүү Саудын санаачилсан тогтоолын төсөл долоодугаар сарын 19-нд Аюулгүйн зөвлөлд Британийн оруулсан баримт бичгийн агуулгыг давтав. Уг төслийг хэлэлцүүлгийн үеэр ОХУ, БНХАУ дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөөс ялгаатай нь, Ерөнхий ассамблейн тогтоолыг ердийн олонхын саналаар баталдаг төдийгүй ямар нэг хориг арга хэмжээ, цэргийн хүч хэрэглэх асуудлыг агуулахгүй, уриалга, зөвлөмжөөр хязгаарлагддаг.
Х.ЭНХ