Сүхбаатар дүүргийн шүүхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өчигдөр хоёр дахь өдрөө хянан хэлэлцлээ. Өмнөх өдөр нь 10 цаг гаруй хуралдсан эл хурал өчигдөр өглөө 10.00 цагт эхэлсэн. Хурал өмгөөлөгчдийн болон улсын яллагч нарын хуралд зайлшгүй оролцуулах ёстой гэж үзсэн хэд хэдэн гэрчээс мэдүүлэг авах ажиллагаагаар эхэлсэн юм. Хуралд гэрчээр МИАТ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Гандантэгчэнлин хийдийн лам Б.Баатар зэрэг хэд хэдэн гэрч мэдүүлэг өгсөн.
Харин шүүх гэрчүүдийн болон шинжээч нарын мэдүүлэг өгөх үед хурлыг хаалттай явуулсан юм. Учир нь хуралд гэрч, хохирогч, шинжээчээр оролцож буй нэр бүхий хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ийм арга хэмжээ авч буйгаа шүүх бүрэлдэхүүн оролцогчдод тайлбарласан юм. Гэрчээр дуудагдсан Ц.Мөнх-Оргил “ТВ-9” телевизийн тоног төхөөрөмжийг завшсан асуудалд мэдүүлэг өгөхдөө “Би энэ тоног төхөөрөмжийг гардуулж өгөх үед нь гадаадад албан ажлаар сууж байсан учраас энэ талаар тодорхой зүйл мэдэхгүй” гэсэн байна. Харин гэрч Б.Баатар нэлээд тодорхой хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн сурагтай. Харин МИАТынхан бас л “бөөрөнхийлсөн” мэдүүлэг өгсөн гэнэ.
Үдээс өмнөх хурал гэрч, хохирогч, шинжээч нараас тайлбар авснаар өндөрлөж, үдээс хойш нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа явуу лав. Энэ үеэр Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл “Улаанбаатар таймс” сонины хувьч лал анхнаасаа буруу явагдсан. Тус сони ны байрыг газрын хамт 2.1 тэрбум төгр өгөөр үнэлсэн нь хууль бус үйлдэл. Энэ байранд газрын ямар ч гэрчилгээ байхгүй. Газрыг нь хэт өндөр үнээр үнэлсэн. Ямар үндэслэлээр энэ тоог гаргаж ирснийг мэдмээр байна” хэмээсэн. Харин хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчид “Бид олон жилийн практик туршлагадаа үндэслэсэн, мөн ойролцоох барилгын газрын ханшийг судлан энэ объектийг үнэлсэн. “Central tower”-ийн газрыг нэг сая ам.доллараар үнэлсэн байдаг. Энэ байрыг өндөр үнэллээ гээд бидэнд ямар ч ашиг байхгүй. Учир нь бид үнэлгээний нийт үнийн дүнгээс хувь авдаггүй” гэсэн тайлбар өгөв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ж.Мягмаржаргалын мөрийтэй тоглосон гэх асуудлыг ч нотлох баримт, гэр чүүдийн мэдүүлэгт үндэслэн ярьсан. Энэ мэтээр шүүхийн хэлэлцүүлэг бүтэн өдөржин үргэлжилж 20.15 цагийн үед завсарлалаа. Хурал завсарлахын өмнө хурал даргалагч Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, өмгөөлөгч С.Нарангэрэл нарын дунд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн талаар бяцхан маргаан дэгдсэн. С.Нарангэрэл “Шүүхийн хэлэлцүүлэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгчдээс яллах цагаатгах талууд асуулт асуух ёстой. Гэтэл хуулийн дагуу явагдахгүй байна. Нотлох баримтыг шинжлэн судлах асуудал ч хуулийн дагуу явагдсангүй. Шүүгчид та бүхэн хуулиа судал” хэмээсэн.
Харин С.Соёмбо-Эрдэнэ “Шүүх хурал хуулийн дагуу явагдаж байна. Үндсэн хуульд шүүх хурлыг хэрхэн явуулах талаар заалт байхгүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлд тодорхой байгаа. Өмгөөлөгч та маргааш хуралд ирэхдээ хуулиа сайн судлаад ирээрэй” гээд хурлыг завсарлуулав. Хурал өнөөдөр 09.30 цагаас үргэлжилнэ.
Г.ЦОЛМОН