Арванхоёрдугаар сард албаа хүлээлгэж өгөх Мексикийн Ерөнхийлөгч Фелипе Кальдерон өөрийг нь залгамжлах Энрике Пенье Ньетод ёстой л “хааны” гэмээр бэлэг зэхжээ. Төрийн тэргүүний хэрэглээнд зориулан шинэ нисэх онгоц худалдан авахаар Засгийн газар нь шийдвэрлэв.
“Universal” мэдээлснээр, Мексикийн Засгийн газрын захиалгаар шинээр тоноглох онгоц нь “Boing-787 Dreamliner” загварынх агаад аюулгүй байдлын систем нь дэлхийн эл төрлийн аль ч онгоцонд байхгүй аж. Тав тух дээд зэргээр хангахаас гадна аюулгүй байдлын хувьд нисдэг хэрэм мэт байх шинэ хөлгийг “Ерөнхийлөгчийн хоргодох байр” гэж нэрлэхэд буруудахгүй бололтой.
Онгоцны худалдан авалтын төлбөрийг 25 жилд багтааж хийхээр гэрээ байгуулжээ. Мексикийн Ерөнхийлөгч өдгөө хоёр ч онгоцтой бөгөөд аль аль нь 1980-иад онд үйлдвэрээс гарсан, чамгүй олон жил ашиглагдсан эд гэнэ.