Хойд хөршийн Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хүү Илья Медведев Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн хууль зүйн факультетийн оюутан боллоо гэж “Новости” мэдээлэв. Илья тус их сургуульд шалгалтгүй элсэх эрхтэй 43 хүүхдийн нэг бөгөөд жагсаалтын 24-т бичигджээ. Тэрбээр олимпиадад түрүүлсний учир алдарт Москвагийн улсын их сургуульд шалгалтгүй элсэн орсон байна.
Илья үүний өмнө Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн олон улс-эрх зүйн факультетэд шалгалт өгч, 359 оноогоор элсэлтийн босго давсан аж. Оросын Засгийн газрын тэргүүн өөрөө Ленинградын улсын их сургуулийн хууль зүйн факультетийг 1987 онд, аспирантурыг 1990 онд тус тус дүүргэсэн. Хууль зүйн ухааны доктор аавынхаа мэргэжлийг хүү нь өвлөхөөр шийдсэн аж.