Энэтхэгийн өмнөд хэсгийн Андхра-Прадеш мужийн засаг захиргааны төв Хайдарабад хотоос 500 км-ийн зайд зорчиж явсан хурдан галт тэрэг шатаж, 47 хүн үрэгджээ. 20 хүн түлэгдсэн гэж эх сурвалж мэдээлэв. Делигээс Ченнаи орохоор явсан суудлын галт тэрэгний унтлагын вагоны нэгэнд өчигдөр өглөө эрт гал гарч эхэлжээ. Галт тэргэнд 72 зорчигч явсны олонх нь энэ үед унтаж байсан аж.
Төмөр замын галт тэрэгний өртөөний жижүүр хажуугаар өнгөрч яваа цувааны вагонд гал гарсныг олж харснаар цувааг зогсоосон байна. Урьдчилсан дүгнэлтээр, цахилгаан дамжуулах шугаманд богино холболт үүссэн нь гал гарахад хүргэсэн аж. Сүүлийн таван жилд Энэтхэгт галт тэрэгний ослоор 1220 хүн нас барсан агаад төрийн өмчийн төмөр замын компанид осол түгээмэл гарчээ.
Тус улсын өнцөг булан бүрийг холбодог энэхүү аварга сүлжээ зорчигч тээврийн 9000 галт тэрэгтэй, өдөр бүр 18 сая орчим хүн тээвэрлэдэг юм байна.
Х.ЭНХ