АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатар “Монгол Улс авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, улмаар үндэсний хөтөлбөр, хууль баталж, НҮБ-ын конвенцод нэгдэн эрх зүйн орчныг баталгаажуулсан боловч авлигын индексээр 120-д жагсаж буй нь сэтгэл түгшээсэн хэвээр. Тиймээс сайн засаглал тогтоохын тулд 2013 оныг “Авлигын эсрэг бүх нийтээрээ тэмцэх жил” болгохыг төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалж байна.
АТГ шинэ удирдлагатай болсноос хойш хуулийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах ажлыг эрчимжүүлж, авлигатай хүчтэй тэмцэж буйгаа харуулж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж төрийн өмчийг үрэгдүүлсэн үйлдлүүдэд холбогдуулан шалгаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих арга хэмжээ авсан. Хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон боловч удаа дараа хойшлуулж байгаа нь өөрсдийгөө хамгаалах авлигачдын тор хэрхэн бат бэх оршсныг илэрхийлж байна. Ёс зүйгүй хуульчдын балгаар авлигын шинжтэй гэмт хэрэг хуулийн хүрээнд шийдэгдэхгүй байх хандлагатай болж байгаад сэтгэл түгшин, иргэн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлан ажиллахыг шат шатны хуулийн байгууллагын ажилтнуудад сануулж байна” гэлээ.
Харин тус зөвлөлийн гишүүн Т.Хасбаатар “Улс төрийн дээд албан тушаалтнуудтай холбоотой асуудал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болдог, хаагддаг тохиолдол олон. Ардын хүүхдүүд удаан хугацаагаар шалгуулдаг нь нууц биш. Авлигачдын мөнгөөр санхүүждэг хуульчдын бүлэг бий болж байна. Өмгөөлөгчид янз бүрийн аргаар шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулах боллоо. Хуульчид хуульчдаасаа айдаг, хуульчдаас нийгэм айдаг болж байгаа юм биш биз” гэж ярилаа.
Г.ОРЧЛОН