Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл хүсэлт гаргаснаа өчигдөр хүргэж өгчээ. Тэрбээр шүүх хуралд гэрч, хохирогч, шинжээч нарыг оролцуулахыг хүссэн байна.
Өмгөөлөгч С.Нарангэрэл хүсэлтдээ “МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт хийхдээ нэг талыг барьж, олон хүнийг хоморголон баривчилж, албадан ирүүлэхээр сүрдүүлж, улмаар Монголын нийгэмд айдас түгшүүр буй болгож, хүнлэг бус нөхцөл байдалд явуулсан. Тийм учраас Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн болж өнгөрсөн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох, шүүгдэгчийн яллах ба цагаатгах нөхцөл байдлыг бүрэн тогтоохын тулд нэр бүхий гэрч, хохирогч, шинжээчийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулах зайлшгүй шаардлагатай байна.
Тухайлбал, гэрчээр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, “Таван богд”-ын Ц.Баатарсай хан, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Ц.Батбаяр, Х.Наранхүү, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Н.Болормаа, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэг болон иргэн Биндэръяа, Н.Баасанжав, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ш.Раднаасэд нарыг оролцуулах шаардлагатай. Мөн хохирогч гэгдэх Н.Нанзаддорж, Д.Батбилэг, О.Машбат, М.Энхболд нарыг заавал оролцуулъя. Шинжээч Г.Наранцэцэг, Р.Зоригт, Ж.Уртнасан нарыг шүүх хуралдаанд байлцуулах хэрэгтэй” гэжээ. Мөн “Хэрэв өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг нэг талыг барьсан буюу гүйцэд биш болно.
Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй бол шүүхийн тогтоол хүчингүй болох үндэслэл болдгийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа онцгойлон авна гэдэгт итгэж байна” гэсэн байна. Шүүх түүний хүсэлтийг хүлээж авбал хурал хойшлох бололтой. Учир нь гэрч нараас Д.Чойжамц хамбаас эхлээд нэлээд нь эзгүй байгаа юм билээ.
Г.РАВЖАА