Монгол банкны Эрдэнэсийн санд уул уурхайн компаниудын тушаасан алтнаас багагүй хэмжээгээр дутаж, тус банкны ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн өвлөөс шалгаж эхэлсэн. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд хамтран Монголбанкны Эрдэнэсийн сангаас гаргаж буй гулдмайлсан алтын сорьц хэмжээндээ хүрэхгүй байгаа тухай мэдээллийн дагуу шалгаж эхэлсэн юм. Цагдаагийнхан “Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2003-2011 оны хооронд 18 кг алт дутсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа.
Энэ асуудалд холбогдуулан Эрдэнэсийн сангийн ажилтан болон ченжүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон” гэж тухайн үед мэдээлж байв. Харин өнгөрсөн хавраас энэ хэргийн сэжигтнүүдийг батлан даалтад гаргаж, улмаар хэргийг прокурорын байгууллагаас нэмэлт ажиллагаа хийлгэхээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст буцааснаас хойш хэрхсэн нь тодорхойгүй. Уг хэрэгт холбогдуулж Монголбанкны Валют эдийн засгийн газрын ахлах нягтлан бодогч Х.Цагаанхүү болон тус банкинд алт тушааж байсан гурван ченжийг цагдан хорьсон юм. Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт чухам хэн буруутайг одоо болтол тогтоож чадахгүй байгаа гэж баттай эх сурвалж өгүүлэв.
Монголбанкинд тушаасан алтнаас 18 кг-аар тогтохгүйгээр дутаж байгаа гэнэ. Тодруулбал, бүр 1990-ээд оны дунд үеэс л ийм хэрэг үе үе гарах болсон байна. “Монголбанкны Эрдэнэсийн санд тушаасан алтнаас их хэмжээгээр дутсан асуудлыг маш нарийн шалгах шаардлагатай.
Алт тушаагч ченжүүдийн буруутай үйл ажиллагаа байна уу, эсвэл сорьцын хяналтын албаныхны буруугаас болсон уу. Өөр хэн нэгэн буруутай юу гэд гийг тогтоох юм. Алт 18 кг-аар тогтохгүй дутаж байж болзошгүй. Дээрх тоо бол зөвхөн энэ хэрэгт сэжигтнээр татагдсан гурван ченжийн тушаасан алтны зөрүүгээс гарсан дүн юм. Түүнээс ч өмнө дутагдаж байсныг алтны үнийн өсөлт зэргээс нөхөж байсан юм билээ. Монголбанкны ерөнхийлөгчөөр Моломжамц, Чулуунбат, Батсүх нарыг ажиллаж байх үеэс л дутаж байсан нь шалгалтаар тогтоогдсон. Түүнийг нь алдагдал гэж тооцож ирсэн байна билээ” гэсэн юм.
Ченжүүд алт олборлогчдоос худалдаж авсан бараагаа Сорьцын хяналтын албанд аваачиж, сорьц тогтоолгодог аж. Сорьцын хяналтын албаныхан алтыг нь хайлуулж, тоо хэмжээг нь тавьж өгдөг юм байна. Үүний дараа ченжүүд үнэ нь өсөх үед Монголбанкинд алтаа тушаадаг байж. Монголбанкныхан алтыг нь худалдаж авсны дараа нэлээд их хэмжээтэй болгож байгаад гадагш нь цэвэршүүлэхээр илгээдэг гэнэ. Монголбанкныхан алтаа гадаадын зуучлагч байгууллагаар дамжуулан цэвэршүүлэхээр илгээдэг байсан бөгөөд зөрүүтэй, алдагдалтай байна гэсэн тайлбар манай талд ирдэг байж. Гэвч Монголбанкныхан тэр бүгдийг нууж хаагаад өнгөрч байснаас их хэмжээний алдагдал хүлээгээд байгаа аж.
Бүр тодруулбал, гадаадын итгэмжлэгдсэн лабораторид алт цэвэршүүлэхэд “Танай илгээсэн алтны сорьц бичигдсэн хэмжээндээ хүрэхгүй байна” гэсэн дагалдах бичигтэй ирдэг байж. Энэ бүгдээс дүгнэхэд алт дутаасан хэрэгт хэн буруу тай вэ гэдгийг тогтооход хүндрэлтэй байгаа юм байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан шүүхийн шийдвэр таамаглалд тулгуурлаж болохгүй гэсэн зарчмаа баримтлан нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байгаа аж. Алт тушаасан хүмүүс нь тодорхой, түүнийг гадагш нь аваачиж цэвэрш үүл дэг зуучлагч нар ч бий. Итгэмжлэгдсэн зуучлагч нар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байгууллагууд юм билээ. Тиймээс нэр хүндтэй байгууллагынхан луйвар хийхгүй гэдэгт Монголбанкныхан итгэлтэй байгаа гэсэн.
Уг хэрэгт сэжиглэгдсэн Х.Цагаанхүүгийн тухайд ченжүүдтэй нэг байранд амьдардаг гэхээс өөр ямар нэг холбоогүйг цагдаагийнхан тогтоосон аж. Х.Цагаанхүүгийн тухайд тус банкныхны дотоод зөрчлөөс болж хэлмэгдэн цагдан хоригдсон гэж ярих ч хүн бий. “Сорьцын хяналтын албаны хан энэ хэрэгт нэлээд хол боотой байж болзошгүй” гэж хууль хяналтын байгууллагынхан үздэг юм билээ. Тиймдээ ч тус албаны хэд хэдэн хүнийг сэжигтнээр тооцсон гэх мэдээлэл байна. Гэхдээ хорьж, цагдсан хүн байхгүй аж. Тус албанд алт хайлуулдаг хоёр хүн байдаг. Хайлуулсан алтных нь сорьцыг тогтоодог 4-5 химич бий. Энэ хүмүүст буруу байна уу, эсвэл өөр хэн нэгэн буруутай юу гэдгийг тогтоохын тулд цагдаагийнхан нэмэлт мөрдөн байцаалт хийхээр болсон юм байна.
Г.РАВЖАА