Монголд жуулчны визээр ирж, хууль бусаар оршин суудаг хятад, солонгос иргэн олон. Түүнтэй адил БНСВАУ-ын иргэд манай улсад хууль бусаар оршин суух нь олширчээ. Тэд монголчуудын эвдэрсэн машиныг засаж амьдардаг. Багагүй ашигтай энэ бизнес вьетнамчуудынх болоод байгаа гэхэд болно. Монгол Улсын хилийг зөрчин ирж, ажиллаж амьдарч байсан, хууль бусаар оршин суугч цөөнгүй вьетнам иргэнийг манай тагнуулын байгууллагынхан илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээр шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн шүүхээс хоёр ч вьетнам иргэнд хорих, баривчлах ял оноосон байна. БНСВАУ-ын иргэн Нгүен Ван Тун хэмээх 27 настай залуу Монгол Улсын хилээр хуурамч бичиг баримт ашиглан гурван ч удаа орж, гарсан байна. Түүнийг 2008 онд Монголд оршин суух визийн хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр албадан гаргасан байж. Гэвч тэрбээр 2009 онд Нго Ван Хоан нэртэй хуурамч паспорт ашигласан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Тэрбээр “Би Хуан, Хөн гэдэг хоёр вьетнам иргэнтэй хамт 2007 онд ажиллаж байсан. Тэд миний визийг сунгуулж байна гэж надаас сар бүр 170 мянган төгрөг авдаг байсан. Нэг өдөр цагдаагийнхан орж ирээд намайг саатуулж, бичиг баримтгүй байна гэсэн. Тэгээд албадан гаргасан. Би өндөр настай эцэг, эхээ тэжээх хэрэгтэй байсан тул 1000 ам.доллараар хуурамч бичиг баримт гаргуулсан. Монголд Вьетнамыг бодвол илүү мөнгө олдог болохоор би Хоан гэдэг нэрээр орж ирсэн” гэжээ. Тэрбээр 2009 оны аравдугаар сарын 30, 2012 оны нэгдүгээр сарын 17, хоёрдугаар сарын 14- нд Буянт-Ухаа боомтоор Нго Ван Хоан нэртэй паспортаа ашиглаж хил нэвтэрсэн байх юм.
Хан-Уул дүүргийн шүүх Нгүен Ван Тунд холбогдох хэргийг хэлэлцээд хуурамч бичиг баримт ашиглаж, улсын хил удаа дараа зөрчсөн гэм буруутайд тооцож, нэг жил хорих ялаар шийтгэжээ. Мөн тус шүүхээс түүний нутаг нэгт Нгүен Ван Датад холбогдох хэргийг шийдвэрлэжээ. Тэрбээр “Жи Ти Пи транс” компанийн автозасварын газарт засварчнаар ажиллаж байсан бөгөөд Cao Minh Duc гэдэг нэрээр хуурамч бичиг баримт гаргуулж, манай улсын хилээр 2011 оны арваннэгдүгээр сарын 17- нд орж ирсэн байна. Тэрбээр 2007 онд манай улсад орж ирсэн нэгэн бөгөөд 2008 онд визийн хугацаа хэтрүүлсэн тул, албадан гаргасан аж. Шүүх Нгүен Ван Датад гурван сар баривчлах ял шийтгэсэн аж.