Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдоод байгаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх маргааш 10.00 цагт анхан шатны журмаар хэлэлцэхээр товлоод байгаа. Өмнө нь өмгөөлөгчөө сольсон, шүүх хурал хийх хугацааг хойшлуулах хүсэлт тавьсан зэрэг шалтгаанаар хэд хэдэн удаа хурал хойшлоод байсан билээ. Хамгийн сүүлд өмгөөлөгчөөрөө академич С.Нарангэрэлийг аваад байгаа бөгөөд түүний эрхийг хамгаалагч “Н.Энхбаярыг цагаатгах баримтуудыг шүүхэд гаргаж өгнө” хэмээн тайлбарлаж байгаа билээ.
Зарим хүн “Энэ хэрэгт Н.Энхбаяр гэдэг хүн яллуулахгүй. АН Засгийн газраа байгуулахдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан нь Н.Энхбаярыг хэргээс мултлах болзлыг нь зөвшөөрсний илэрхийлэл” гэж ярьж байгаа юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын холбогдсон хэргийг эргэн сануулахад, 2000 онд Японы шашны байгууллагаас хандивласан 120 сая төгрөгийн үнэ бүхий телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсаны улмаас Ган дантэгчэнлин хийдэд онц их хэмжээний хохирол учруулсан, 2007 онд албан тушаалаа урвуулан ашиглаж бусадтай бүлэглэн нийт 3033 килограмм тээшийг БНСУ-аас Монгол Улс руу үнэ төлбөргүй тээвэрлүүлж, МИАТ компанид 30.5 сая төгрөгийн, мөн онд албан тушаалаа урвуулан ашиглаж бусадтай бүлэглэн нийслэлийн өмчит “Улаанбаатар таймс” сонин, Хэвлэх үйлдвэрийн байрыг үнэг үйдүүлж, хувьдаа завшсан, 2008 онд бусадтай бүлэглэн нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудлыг үнэгүйдүүлж, хууль бусаар худалдан авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж 3.9 тэрбум төгрөг завших боломжийг “саятан” хочит Д.Мягмаржаргалд олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаад байгаа билээ.
Н.Энхбаяртай хамт “Улаанбаатар таймс” сонины хууль бус хувьчлалд оролцсон гэх Д.Чулуунбаатар, “Өргөө” зочид буудлын хувьчлалд оролцсон Д.Дуламсүрэн, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр их хэмжээний мөнгө завшсан Д.Мягмаржаргал нар шүүгдэнэ.
Г.ЦОЛМОН