Румыний Ерөнхийлөгч Траян Басескугийн хувь заяаг шийдэх бүх нийтийн санал хураалт тус улсад өчигдөр боллоо. AFP мэдээлснээр, уг санал хураалтад бүртгэлтэй 18 сая гаруй сонгогч оролцох боломжтойгоос дэлхийн янз бүрийн оронд оршин суугаа иргэд нь багтжээ. Ялангуяа Испани, Италид румынчүүд олноор аж төрдөг. Түүний зэрэгцээ Хар далайн эрэгт амрахаар очигсдод зориулан тэнд сонгуулийн нэмэлт хэсгүүд байгуулсан байна.
Тавдугаар сард болсон Парламентын сонгуульд ялсан Социал либерал эвсэл Ерөнхийлөгч Басескуг Засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, бизнесмэнүүдийг ивээлдээ авсан, авлига болон хууль зөрчсөн бусад үйлдэлд буруутгасан. Улмаар Ерөнхийлөгчид импичмент тооцох асуудлыг долоодугаар сарын 6-нд Парламент батлан, Үндсэн хуулийн шүүх уг шийдвэрийг батламжилсан юм. Сонгогчдын ирц 50- иас дээш хувьтай байвал дээрх санал хураалт хүчинтэйд тооцогдоно.
Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас үзэхүл, хүн амын гуравны хоёр нь Ерөнхийлөгчдөө хариуцлага хүлээлгэхийг дэмжжээ. Харин Төрийн тэргүүн өөрийн талынхныг санал хураалтад оролцохгүй байхыг уриалж, дүнг хуурамчаар гаргахаар зэхэж буй талаар сэрэмжлүүлжээ. Бүр 2007 онд Ерөнхийлөгч Басескуг огцруулах асуудал бас тавигдсан бөгөөд тухайн үед иргэдийн 75 хувь импичментийн эсрэг санал өгч байв.
Х.ЭНХ