Пхеньянд долоодугаар сарын 5-нд болсон гала концертод анхлан Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уныг дагалдан ирж, сонирхсон залуухан дэгжин бүсгүй хэн болох талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл сүүлийн өдрүүдэд ам уралдан таамаг дэвшүүлж, тасралтгүй шуугисны эцэст сая “оньсого” тайлагдав.
БНАСАУын лидер, маршал Ким Жөн Ун эхнэр авсан болохыг тус улсын телевиз уржигдар албан ёсоор зарлалаа. Япон, Өмнөд Солонгосын хэвлэлүүд уламжилс ныг үзвэл, энэ сарын 25-нд Пхеньянд нээгдсэн амралт зугаалгын паркад Ким Жөн Унтай хамт зочилсон мөнөөх эмэгтэйг удирдагчийн гэргий хэмээн нэвтрүүлэгч танилцуулжээ. Түүний нэрийг Ли Соль Ю хэмээв. Ким Жөн Ун гэргий болон нам, төр, цэргийн алба хаагчид, дипломатчдын хамт мини гольфын талбай, усан бассейн, далайн гахайн шоу тоглолт зэргийг үзэж сонирхсон гэнэ.
Барилгын цэргүүд хүндэт зочдыг “Уухай” хашгиран угтаж, Цэргийн төв хорооны дарга, БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны удирдагчдаа цэцгийн баглаа барьсан тухай Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг тэмдэглэжээ.БНСУ-ын “Chosun Ilbo” сонинд нэрийг нь дурдаагүй эх сурвалжаас иш татсанаар бол, Хойд Солонгосын Тэргүүн хатагтай Ли Соль Ю 27 настай, Пхеньян дахь Ким Ир Сений нэрэмжит их сургууль дүүргэсэн байна. Харьцангуй боломжийн гэр бүлд мэндэлсэн түүний эцэг багш мэргэжилтэй профессор, ээж нь эх баригч эмч. “Korean times“-д бичсэнээр, БНАСАУ-ын лидер сонгосон бүсгүйтэйгээ гэрлэлтээ бүр 2009 онд батлуулжээ. Удаах жил нь Ли Соль Ю амаржсан юм байна. Гала концертоос хойш олон нийтийн хэд хэдэн арга хэмжээнд Ким Жөн Уныг дагалдсан үл таних эмэгтэйг хэвлэлийнхэн Ким Жөн Уны нууц амраг, охин дүү нь, тоглолтыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн нэгэн гэхчлэн янз янзаар таамагласан.
Долоодугаар сарын 7-нд Хойд Солонгосын улсын телевиз хөгжимт жүжиг үзэхээр ирсэн Ким Жөн Уны дэргэд богинохон үстэй бүсгүй сууж байгаа гэрэл зургийг харуулсан бол, удаах өдөр нь Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений дурсгалд зориулсан ёслол Пхеньяны ордонд болох үеэр мөнөөх хатагтай Ким Жөн Унтай дахиад л цуг явахыг төрийн телевизээр үзүүлжээ. Үүнээс долоо хоногийн дараа нийслэлийн хүүхдийн нэгэн цэцэрлэгт бүсгүй залуу лидерийн хамт зочилж, түүнийг хүүхдүүдтэй ярилцах зуурт архан талд нь эелдэгхэн инээмсэглэж зогсоог цэнхэр дэлгэцээр дамжуулав. Эдгээр сурвалжлагын завсраар Өрнөдийн хэвлэлүүд Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын дүгнэлтэд түшиглэн, Ким Жөн Уны “дагуул” бол Хойд Солонгосын нэрт дуучин Хён Сон Воль гэж мэдээлсэн билээ.
Зарим мэдээгээр, Ким Жөн Ун уг бүсгүйтэй 10 жилийн өмнө учирсан агаад Ким Чен Ир уг харилцаанд дурамжхан байснаас тэднийг хоёр тийш болгосон гэдэг. Тэгвэл Ли Соль Ю өмнө нь дуучин байсан тухай БНСУ-ын “Chosun Ilbo“ сонин Умардын удирдлага дахь нууц эх сурвалжаас иш татан өчигдөр мэдээлэв. Тус сонинд бичсэнээр бол, Ли Соль Ю гэдэг нэртэй дуучин өнгөрөгч оныг хүртэл үндэсний “Унхасу” оркестртой тайзнаа гарч байжээ. 2011 оны нэгдүгээр сард Хойд Солонгосын телевизээр дамжуулсан тоглолтын видео бичлэгээс үзэхүл, тайзнаа дуулах бүсгүй Ким Жөн Уны эхнэртэй усны дусал мэт адилхан байгаа аж.
Хойд Солонгосоос ирсэн мэдээллээр, Ким Жөн Ун, түүний эцэг Ким Чен Ир нар анх 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ли Соль Югийн тоглолтыг үзсэн гэнэ. Дуучин бүсгүйг Тэргүүн хатагтайн хувиар бэлтгэхэд Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн багш нар зургаан сар ажиллажээ. Ер Хойд Солонгосын лидерүүдийн хувийн амьдрал тус улсын маш нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл байдаг. Одоогийн удирдагчийн төрсөн оны талаар ч баттай мэдээлэл үгүй юм. Зарим мэдээгээр 1982 он, зарим нь 1983 онд төрсөн гэдэг. 2011 оны арванхоёрдугаар сард эцэг Ким Чен Ирээ таалал төгссөний дараа төр толгойлох болсон Ким Жөн Унд нам, төр, армийн дээд удирдагчийн албыг ээлж дараалан шилжүүлсээр төсөрхөн армийн маршал цол олгосон юм.
Шинжээчид Хойд Солонгос Тэргүүн хатагтайтай болсон үйл явдлыг хоёр өнцгөөс тайлбарлаж байна. Тухайлбал, Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Солонгосын хөтөлбөрийн захирал Георгий Толорая үүнийг Ким Жөн Уны удирдлагын арга барилын шинэ чиг хандлагатай холбон үзлээ. “Нээлттэй байдал, хүмүүстэй илүү ойр дотно харилцах, цэргийнхний засаглалыг халж, шинэ санаа судлах оролдлого” гэж тэрбээр тодорхойлов. Гаднын хэвлэлд Хойд Солонгосын удирдагчийн хуримласан талаар ер дурдаагүй, зөвхөн “эхнэр Ли Соль Ю” гэсэн өгүүлбэр байгаа нь хуримын ёслол нэлээд эрт болсны тэмдэг гэж судлаачийн тайлбарласан нь ортой байж магадгүй юм.
Хойд Солонгост дээд удирдагч нь гэргийн хамт олон нийтийн өмнө үзэгдэх уламжлал үгүй. Чухам энэ баримт өөрөө өөрчлөлт, шинэчлэл ирэхийн дохио байх талтай. Мөн Америкийн “Уолт Дисней” компанийн хүүхэлдэйн киноны Мики Мауз тэргүүтэй баатрууд Пхеньяны театрын тайзнаа тоглосон нь дотоод бодлогын өөрчлөлтийн нэг илрэл байж мэдэх нь. Дотооддоо бодлогын шинэчлэл хийх төлөв анзаарагдаж эхэлснийг шинжээчид тэмдэглэж буй. Хөдөө аж ахуйн салбартаа аж ахуй эрхлэх хэлбэрүүд туршиж байгаа талаар мэдээлэл чих дэлссэн. Суурин, гацаанд өмнө нь тариалалтад том бригад гаргадаг байсныг больж, 4-6 хүнтэй цомхон баг ажиллуулах тухай чиглэл зургаадугаар сарын сүүлээр гаргажээ. Өөрөөр хэлбэл, аль нэг гацаанд тодорхой хэмжээний тариалангийн талбай эзэмшиж, хураасан ургацынхаа 30 хувийг өөртөө үлдээх боломж өрх, айл болгоны өмнө нээгдэж буй хэрэг аж.
Хэрэв дээрх шийдвэр хэрэгжвэл Хойд Солонгосын элитийн давхарга шинэчлэл хийхийн ач холбогдлыг ухамсарлаж буйн тэмдэг болох нь. Тус улсын армийн Ерөнхий штабын тэргүүн Ли Ён Хог саяхан эрүүл мэндийн гэх шалтгаанаар огцруулсан, цэргийнхний нөлөөг бууруулах хандлага ажиглагдаж буй нь БНАСАУ дахь дэглэмийг либеральчлахын дохио ч байж мэднэ. “Энэ бүхэн нь өдгөө Хойд Солонгост тун сонирхолтой үйл явц өрнөж, тэгэхдээ уг үйл явцын чиглэл дэглэмийн хатуу хариг байдлаас уян хатан хэлбэр рүү шилжих, хөгжлийн шинэ баримжаа эрэлхийлэх оролдлогод чиглэснийг харуулж байна” хэмээн Оросын судлаач тэмдэглэлээ. Тэгэхдээ энэ бол зөвхөн дотоод дахь реформын тухай л яриа.
Эцгийн орыг залгаснаас хойш Уны хийсэн олны нүдэнд тусахуйц бас нэг алхам бол аав, өвөөгийнхөө чандлан нууцалж байсан зарим бодлогын алдааг ил тод хүлээн зөвшөөрсөн явдал. Хүнсний хомсдол нүүрлэсэн баримтыг Ун эвтэйхэн хүлээн зөвшөөрөхдөө ард иргэдээ өлсгөлөн байлгахгүйн тулд ихийг хийхээр амласан. Тэр ч бүү хэл тэрбээр хойд солонгосчуудыг Хятадад ажиллуулахаар олон зуугаар нь илгээж, энэ улсад нүдний гэм болсон гадаад валютыг татах хөтөлбөрийг дэмждэг гэсэн мэдээлэл байдаг. Гэвч энэ бол хүнснээс гадна бодит мэдээллийн өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдийнх нь нүд тайлагдсанаар Хойд Солонгост эргээд “бөмбөг” тэслэх эрсдэлтэй төлөвлөгөө.
Нээлттэй байдал Пхеньяны хувьд үхлийн үүд болно гэдгийг Хойд Солонгост сайтар ойлгож байгаа нь лавтай. Юутай ч өөрийн өвөө, ааваас тод ялгагдахуйц байдлаар олонд өөрийгөө үзүүлэхээр шийдсэн нь Хойд Солонгосын удирдагч өөртөө шинэ имиж бүрдүүлэх зорилго тавьсныг илтгэнэ хэмээх дүгнэлттэй Сөүлийн их сургуулийн хойд солонгос судлаач Ян Мү Жин санал нэг байна. Бас улсын удирдлага тогтвортой гарт байгааг Ун харуулах бодолтой байж болно. Учир нь төрийн жолоог залгамжлан авахад бэлтгэх хугацаа түүнд тун давчуу байсан. Олон улсын “Crisis group” байгууллагын лхагва гаригт гаргасан илтгэлд “Ким Жөн Ун шадар зөвлөхүүддээ тулгуурлан бодлого явуулах бус, өөрийн эрх, үүрэгт эзэн суугааг харуулахыг оролдож байна” хэмээн дурдсан ч “Иргэдийнхээ аж байдлыг дээшлүүлэх болон бүс нутгийн хямралыг зохицуулах талаар тодорхой алхам хийх төлөв алга” гэж дүгнэжээ.
Пхеньян дөрөвдүгээр сарын 13-нд алсын тусгалтай пуужин хөөргөснөөс хойш бүс нутгийн аюулгүй байдлын асуудал олон улсын анхааралд дахин орсон билээ. Хэдий Хойд Солонгос үүнийг иргэний зориулалттай хиймэл дагуул хөөргөх зорилготой холбон тайлбарласан ч АНУ, түүний холбоотнууд баллистик пуужин турших оролдлого гэж дүгнэж буй.
Х.ЭНХ