Сүүлийн 10-аад жилд уламж эрчимжсэн уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтөн бие сэтгэлээрээ мэдэрч байна. Өнгөрсөн жил газар хөдлөлт, хэт халат, хуурайшилт үргэлжилсэн бол энэ жил хаа сайгүй үер усны аюул нүүрлээд байна. Үерийн эхлэл өнгөрсөн зургаадугаар сарын 24-нөөс эхэлсэн гэж болно. Яг тэр үеэр халуун орны Дэбби хэмээх хүчтэй шуурга Мексикийн булангаас зүүн өмнө тийш Миссисиппи голыг чиглэн явахдаа аадар бороо дагуулсан юм. Усан бороо Миссисиппи, Луйзиана голын усны түвшинг 70-150 см-ээр нэмэгдүүлэв. Үүний дараагийн өдөр үер Канадыг дайрав. Хүчтэй орсон бороо Канадын Кэловна хотын автозамыг хуулж, байшин барилгыг урсган, улмаар нэг хүний амь авч одов.
Япон 2012.07.12
Байгалийн энэхүү гамшгийн дараа 3100 хүн орон гэргүй болсон. Үер зөвхөн Кэловна хотыг ч биш зэргэлдээх хэд хэдэн хотыг усанд автуулсны хор хохирлыг өнөөдөр ч барагдуулж амжаагүй байна. Яг энэ үеэр Бангладеш улсад үер бууж, хөрс нурснаас 100 хүн амиа алдав. Үерийн улмаас хохирсон хүмүүсийг тооцвол 250 мянгад хүрч, олон хүн ор сураггүй болсон талаар тус улсын цахим хуудсууд мэдээлж байсан. Орон гэрээ усанд урсгасан хүмүүс нь ууланд хүртэл амьдрах болов. Энэ үйл явдал таван өдрийн дараа буюу зургаадугаар сарын 30-нд Ирланд улсад нүүрлэх нь тэр. Хэдхэн цагийн дотор 70 мм хур тунадас тус улсад бууж, хүчтэй шуурга дэгдсэний улмаас цахилгаан тасарсан юм. Нийт 15 мянган айл өрх цахилгаангүй болов. Газар нутаг нь тэр чигтээ хатаж, усны хэрэглээгээ зарим хотдоо хязгаарлаад байсан Англи улс хүртэл үерт авсан юм. Тус улс өнгөрсөн сарыг хамгийн чийглэг зургаадугаар сар болсон хэмээн оцлов.
Долоодугаар сар гарсан ч бороо тасарсангүй. Энэтхэг улсад долоодугаар сарын 3-нд орсон бороо үер дагуулж, тус улсын 81 иргэн мөн амиа алдсан юм. Түүнээс гадна Энэтхэгийн зүүн зүгийн хотуудад амьдардаг хоёр сая иргэн орон гэргүй болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус улсад нас барсан хүний тоо 130 гарч, зургаан сая хүн орон гэрээ алдсан байна. Ийнхүү хэд хэдэн орныг дайрсан хүчтэй, усан бороо манай хойд хөршид “саатав”. Ингэхдээ нэлээд гарз хохирол дагуулсан. Энэ сарын 7-нд хойд хөршид усархаг бороо орж, үер болсны улмаас 171 хүн амиа алдсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд мэдээлсэн юм. Шөнөжин орсон борооны ус нийт 50 см-т хүрсэн тухай Оросын сайтууд мэдээлж байв. Бороо гурван өдрийн турш үргэлжилж, 5000 байшин үерт урссан. Байгалийн энэ гамшиг өмнөд хөршийг мөн тойроогүй.
Бээжин хотод хэдхэн хоногийн өмнө үер буусан нь сүүлийн 60 жилд үзэгдээг үй хамгийн ширүүн бороонд тооцогдсон. Өмнөд хөршийн 37 иргэн амиа алдаж, мөн л 50 мянга гаруй хүн ямар нэгэн байдлаар хохирол амссан мэдээлэл байна. Энэ сарын 23-нд орсон хүчтэй борооны улмаас 500 нислэг цуцалж, 80000 зорчигч тус улсын онгоцны буудалд хоноход хүрсэн. Ийнхүү хүчтэй шуурга, ширүүн бороо Япон, Хонконг, БНСУ, Австри, Манила, Нигери, Шинэ Зеланд зэрэг олон орныг дайрч, их хэмжээний хохирол учруулав. Энэхүү байгалийн гамшиг манай орныг мөн дайрсан. Өнгөрсөн сарын 20-ноос хойш орж буй үерийн улмаас өнөөдрийг хүртэл 70 орчим иргэн алтан амиа алдаж, 2000 орчим мал үхээд буй. Цаг уур, орчны хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр бороо энэ сарыг дуустал орно гэсэн.
Наймдугаар сард ч мөн бороотой байх сураг байна. Үүнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа бага даралтын орон Монголд үүссэнээс бий болсон нөхцөл байдал хэмээн тайлбарласан. Ямартай ч байгалийн энэ давагдашг үй хүчин зүйл улс орнуудыг хүчин мөхөсдүүлж байна.
Хүн төрөлхтөн хэдийгээр өндөр хөгжилд хүрч, техник технологийн дэвшлээр гайхагдаж байгаа ч байгалийн энэхүү хүчин зүйлийн өмнө хэн ч биш болох нь харагдаж байна. Зөвхөн нэг сарын хугацаанд улс, орнуудаар дайраад өнгөрсөн ширүүн борооны улмаас арав, хорин сая хүн хохирч, хэдэн мянган хүн амь насаа алдсанаас цөөн хэдэн жишээг л дурдлаа. Хүн байгалийг яаж хайрлана, байгаль эргээд хариуг нь яг тэгж барьдаг гэдэг. Тэгвэл манай гаригийнхны байгаль учруулсан дарамт түүнийг ийнхүү “уйлуулж” байгаа бололтой.
Р.ОЮУНЦЭЦЭГ