Сүүлийн хэдэн жилийн турш олны анхаарлын төвд байгаа “Анод” банкны гэгдэх хэргийг Баянзүрх дүүргийн шүүх өнгөрсөн тавдугаар сарын 31-нд хүлээн авсан. Тус шүүхийнхэн 149 хавтаст хэрэгтэй өнгөрсөн сар гаруйн хугацаанд танилцаад өчигдөр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр нарыг Ганц худагт саатуулж, Эрүүгийн хуулийн 150,156 дугаар зүйл ангид заасан хэрэгт буруутган эрүүгийн хэрэгт татсан билээ.
Сүүлийн дөрвөн жил гаруйн турш шалгасан уг хэрэгт тус банкны болон бусад байгууллагын 14 хүн холбогдон яллагдагчаар татагдсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас тэдэнд бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, банкны хууль тогтоомж зөрчсөн, төрийн байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
Төрийн байгууллагын албан тушаалтан нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд байгаа аж. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчид хавтаст хэрэгтэй нарийвчлан танилцсаны дүнд хэн хэчнээн хэмжээний хохирол учруулсан, гуравдагч этгээд буюу зээлдэгч нарын төлөх зээлийн хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр УМБГ-т шилжүүлэх тогтоол гаргажээ.
Г.РАВЖАА