УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар МАН-аас нэр дэвшигчдэд бүдэрсэн. Харин дээрх нэр дэвшигчид тойргийн хорооныхоо шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Д.Зоригт оршин суугаа харьяаллынхаа дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд “МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хууль зөрчсөн” гэж гомдол гаргасан билээ. Тус шүүхээс тойргийн хорооны шийдвэрийг хууль бус гэж үзээд хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.
Харин Өвөрхангай аймгийн МАН-ын хорооныхон шүүх хууль бус шийдвэр гаргалаа хэмээж хэвлэлийн хурал хийлгэсэн бөгөөд энэ хэрэгт ямар ч оролцоогүй этгээд давж заалдах гомдол гаргасныг өчигдөр Нийслэлийн шүүхээр хэлэлцэхээр товлосон юм. Гэвч АН-аас нэр дэвшигч Д.Зоригт нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Бид шинээр томилогдсон. Тиймээс хавтаст хэрэгтэй танилцах боломж олгооч” гэсэн хүсэлт тавьсан юм. Мөн хурал эхлэх үед хэргийн оролцогч бус хүн гомдол гаргасныг Нийслэлийн шүүх хууль зөрчиж хүлээн авсан гэсэн яриа ч бас гарч байв. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд “Өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаснаас хойш шинээр орж ирсэн ч хавтаст хэрэгтэй танилцах боломж зөндөө байсан. Тиймээс хүсэлтийг хүлээж авахгүй, шүүх хурлыг үргэлжлүүлнэ” гэв.
Гэвч өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авснаар Ерөнхий шүүгч шийдвэр гаргатал гомдлыг хэлэлцэх хурлыг хойшлууллаа. Харин хариуцагч талын төлөөлөгч “Шүүх хурал эхлэхийн өмнө санал хүсэлт, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах талаар санал бий эсэхийг лавлахад хүсэлтээ тавьсан атлаа шүүх хурал явагдаж байхад шүүх бүрэлдэхүүнээс татгалзана гэдэг хууль зөрчиж буй явдал” гэж байсан.
Г.ОРЧЛОН