Өнгөрсөн даваагаас мягмар гаригт шилжих шөнө тайфун хэмээх нэрлэдэг хүчтэй хар шуурга Хонконгийг дайрч, зуу зуун мод булгарч, олон нислэг хойшилжээ. Уг хар шуурганы дундаж хурд цагт 140 км-т хүрч, аадар бороо орсон байна. Энэ нь сүүлийн 13 жилд тус улсад үзэгдээгүй хамгийн хүчтэй шуургад тооцогдож байгаа аж. Өчигдрийн байдлаар шуурга ямар ч гэсэн намдав.
Хэдийгээр хар шуурга өнгөрөн одсон ч Хонконгоос баруун зүгт орших Гуандон мужийг чиглэн цаг 70 км-ийн хурдтай “оджээ”. Тиймээс тус мужид түшүүр зарласан байна. Түүнчлэн Хонконгийн “Hang Seng” хөрөнгийн биржийн үйл ажиллагаа орон нутгийнхаар 13.00 цаг хүртэл саатжээ. Хүчтэй шуурганы улмаас 129 хүн гэмтэж бэртсэн бол 72 нь эмнэлэгт хэвтсэн гэнэ. Гудамж талбайд нийт 1000 гаруй том мод булгарсан тухай албан мэдээлэл байна. Тус улсын Засгийн газраас хоргодох 24 байр байгуулж, 268 хүнийг шилжүүлэн байршуулжээ.
Мөн мягмар гаригийн шөнийн 60 нислэгийг цуцалж, 16 нислэгийн чиглэлийг өөрчилсөн гэнэ. Нийтийн тээврийн үйл ажиллагаа өчигдөр үдээс хойш жигдэрсэн гэнэ. Харин цаг агаарын байдал тогтуун болоогүй учраас нислэгүүдийг хойшлуулсан хэвээр байгаа юм байна.
Р.ЦЭЦЭГ