“Цагдаагийн тангараг-1”, “Диваажин”, “Монгол Улсын төлөө зүтгэе” зэрэг киноны найруулагчаар ажиллаж байсан Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулж цагдан хориод байгаа. Түүнийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэн сэжигтэн, яллагдагчаар шалгаж байгаа бөгөөд тус газрын эх сурвалж “Г.Бадамрагчаа нарын хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байсан.
Бид түүнийг хэлмэгдүүлж, эрүү үүсгээгүй, болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчилсан. Баривчлах болон мөрдөн байцаалт хуулийн хүрээнд, прокурорын хяналт дор явагдаж байгаа. Мэдүүлэг авах болгонд өмгөөлөгч нь оролцсон” гэж мэдээлсэн юм. Мөн энэ хэрэгт үндсэрхэг залуусын бүлгэмийн толгойлогчдын нэг М.Гансүрэнг холбогдуулан шалгаж байгаа гэдгийг хэлсэн. Зарим мэдээллийн хэрэгсэл, ах дүү нарынх нь дунд Г.Бадамрагчааг суллахаар болсон тухай яриа байсан.
Харин энэ хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч томилолтоор яваад эзгүй байгаа бөгөөд түүнийг суллах тухай мэдээллийг тагнуулынхан няцаасан юм.