Хулгайгаар мод тээвэрлэгчдийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн илрүүлж, үйл ажиллагааг нь хэсэг хугацаанд таслан зогсоосон ч хүмүүсийн амралт зугаалгын үеийг далимдуулан гэмт хэрэгтнүүд ажилдаа гарчээ. Уржигдар шөнө л гэхэд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын Сонгинохайрхан дүүрэг хариуцсан ажилтнууд хулгайгаар мод тээвэрлэж явсан “Зил-130” маркийн таван ч машинтай хүмүүсийг саатуулжээ.
Тэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, “Найрамдал” зуслангийн замаас гарч, уулын аманд зогсож байсан гэнэ. Тэднийг харсан иргэд “Мод ачсан таван машин уулын аманд зогсоод байна” гэсэн мэдээллийг цагдаагийнханд өгсөн байна. Үүний дагуу шалгахад иргэн Т-ийн эзэмшлийн 97-92 УБД, Н-ын 03-94 УББ, М-ийн 90-07 УББ, Д-ын 77-06 УНБ, С-ын 75- 11 УБЛ улсын дугаартай “Зил- 130” маркийн машин байж.
Тэдний тээвэрлэж яваа мод нь гарал үүслийн ямар ч бичиггүй байсан бөгөөд зарим жолооч цагдаагийнхнаас зугтжээ. Цагдаагийнхан машиных нь улсын дугаараар шалгаж, хууль бусаар мод бэлтгэгч, нийлүүлэгчдийг саатуулжээ.