Энэтхэгийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өчигдөр албан ёсоор гарч, 76 настай Пранаб Мукержи ялалт байгуулсан тухай “Bloomberg” мэдээлэв. Тэрбээр улс төрд 40 жил зүтгэсэн бөгөөд 2009 оноос хойш Сангийн сайдын алба хашиж байгаад өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пратиба Патилийн ажлыг үргэлжлүүлж, улс орноо ирэх таван жилд удирдахаар боллоо.
Энэтхэгийн эдийн засаг уналтад орсон энэ үед Сангийн сайдаар ажиллаж байсан хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь сайн хэрэг хэмээн шинжээчид бичиж байна. Энэтхэгийн Конгресс намын тэргүүн Пранаб Мукержи 1935 онд Баруун Бенгальд төрсөн бөгөөд улс төрийн зүтгэлтэн болохоос өмнө багш, сэтгүүлч, хуульчаар ажиллаж байжээ.