Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон Б.Одбаяр, О.Мөнхбат гэх залуу, Э.Золбоо хэмээх бүсгүйд холбогдох хэргийг хэлэлцлээ.
Тэдэнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн дөрөв, тав дахь заалтад заасан “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор удаа дараа худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Уг хэргийн холбогдогч болон тэдний өмгөөлөгч нар шүүх хурлын явцад мөрд өн байцаагчид болон прокурорын байгууллагынхныг буруутгаж “Бүрэн гүйцэд нотолж чадаагүй, хүчээр шахам хэрэг хүлээлгэх гэж оролдож байна. Энэ хүмүүс хар тамхи зөөгөөгүй” гэж байв.
14.30 цагийн үед эхэлсэн шүүх хурал 18.30 цагт завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ. Улмаар сэжигтэн гурван хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм. Гэвч тэдний өмгөөлөгчид шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж байсан. Харин шүүгч Ч.Хосбаяр “Шүүхээс хавтаст хэрэг прокурорын хяналтад очих хүртэл таслан сэргийлэх арга хэмжээ хэвээрээ үргэлжилнэ. Прокурор хавтаст хэргийг хүлээж аваад хэрхэх нь тэдний бүрэн эрхийн асуудал” гээд шүүх хурал дууссаныг мэдэгдэн алхаа цохилоо. Энэ хэргийн холбогдогч Б.Одбаяр нь одоогоос хоёр жилийн өмнө Энхболд гэх залуугийн хамтаар БНХАУ-д амьдарч, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн монгол залуусыг өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж элсүүлдэг Хулан, Халиунаа нарын бүлэглэлд элсчээ. Улмаар Зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин” гэх хар тамхины бүлэгт багтаж, Макао, Бээжин рүү хар тамхи зөөсөн аж. Гэвч тэднийг БНХАУ-ын хууль хя налтын байгууллагынхан илрүүлж, Энх болд нь тус ул сын хил дээр баригдсан байна.
Харин Б.Одбаяр зугтаж эх орондоо иржээ. Э.Золбоо, О.Мөнхбат нар нь Хулан, Халиунаа нарын бүлэглэлд багтаж, хар тамхи зөөвөрлөхөөр тус улсад очоод байж байгаад Б.Одбаярыг зугтсаныг мэдээд мөн л оргосон аж. Энхболд БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынханд баригдаад их хэмжээний хар тамхи авч явсан тул тус улсын хуулийн дагуу ялын дээд хэмжээ сонсчээ. Харин Энхболдын ээж энэ хэргийн мөрдөн байцаалт дутуу явагдсан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж, хамт явсан хүмүүсийг нь ч хариуцлагад татах ёстой гэж үзсэн гэх юм билээ. Үүнийгээ ч Хятадын талд өмгөөлөгчөөрөө дамжуулж тавьснаар тус улсын талаас Б.Одбаяр, О.Мөнхбат, Э.Золбоо нарыг шилжүүлэн өгөх хүсэлт манай талд тавьж байсан гэнэ.
Харин манай улсаас тэднийг шилжүүлэхгүй, эх орондоо шалгахаар болж, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн юм байна. Улмаар мөрдөн байцаалтын явцад сэжигтэн гурав Хулан, Халиунаа нарын бүлэглэлд элсэж, хар тамхи зөөсөн, зөөх гэж БНХАУ-д очсон гэдгээ удаа дараа мэдүүлсэн юм билээ. Гэвч тэд өмгөөлөгч авсныхаа дараа мэдүүлгүүдээсээ буцаж, “Нэг ч удаа зөөж байгаагүй” гэж ярьж эхэлсэн аж. Өдгөө УМБГ-т Хулан Халиунаа нарын бүлэглэлд элсэж, хар тамхи зөөсөн болон тээвэрлэхийг завдсан 20 гаруй сэжигтэн, яллагдагч байгаа бөгөөд удаа дараа хойшилсон Б.Одбаяр, О.Мөнхбат, Э.Золбоо нарын хэргийг хэрхэн шийдвэрлэхийг тэд хүлээж байгаа нь дамжигг үй. Гэвч шүүх харь оронд хар тамхи залгиж, зөөсөн хүмүүсийн гэм буруутай эсэхийг тогтоож чадсангүй.
Шүүх бүрэлдэхүүн өчигдрийн хурлын төгсгөлд “Та бүхэн прокурор, цагдаа руу хэтэрхий дайрч байна. БНХАУ-ын талаас хар тамхи зөөвөрлөсөн хүмүүсээ манайд шилжүүлж өг гэсэн хүсэлт тавьсан гэсэн. Харин манай Эрүүгийн хуулийн зүйл заалт энэ төрлийн хэрэгт тус улсынхаас харьцангуй хөнгөн. Тиймээс та нарын эрх ашгийг хамгаалахын тулд цагдаа, прокурорын байгууллагынхан ажиллаж байгаа шүү дээ” хэмээн учирлаж байсан юм.
Г.РАВЖАА