Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст БХЯ-ны харьяа Цэргийн төв архивын даргаар ажиллаж байсан хурандаа Х.Зоригтод холбогдох хэргийг шалгаж байсан. Тэрбээр архиваасаа улсын болон цэргийн нууцтай холбоотой чухал материалыг гаргаж, хятадуудад өгсөн. “Маш нууц” гэсэн дардас бүхий баримт материалыг “Ямар ч хэрэггүй цаас” гэж дур мэдэн авч гарсан гэдгийг тус яамны эх сурвалж мэдээлж байгаа.
Тус яамны нэгэн офицерийн бидэнд мэдээлснээр Хатанбаатар Магсаржавтай холбоотой түүхийн чухал баримт байсан гэж байсан ч шалгалтаар тэр нь тогтоогдоогүй гэнэ. Харин хятадуудад өгсөн гэх баримт материал нь цэргийн нууцад хамаарах дүрэм, журам бүхий зузаан ном байсан аж.
Бидэнд олсон мэдээллээр цэргийн нууцыг хятадуудад дамжуулсан хурандаа Х.Зоригтын гэм буруу нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон ч түүнд холбогдох хэргийг 2009 онд УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгожээ.