-Байгаль экологид 250 тэрбум төгрөгийн хохирол учирчээ-
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алт олборлогч компаниудын буруугаас Орхон гол бохирдсон хэрэг өнгөрсөн жилээс дуулиан тарьсан. Бүтэн жил шахам шалгасан энэ хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусах бололтой.
Тэнд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийгээгүй, компаниудад хариуцлага тооцохоор болж, Мэргэжлийн хяналтын байгууллага, УМБГ-ын Байгаль орчны ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Ажлын хэсэг гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн сүр дуулиантайхан шалгаж эхэлсэн билээ. Гэвч өдгөө уг хэрэг хэрхэж байгаа нь тодорхойгүй таг болчихоод байгаа юм.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын явц ямар байгаа талаар эргэн сурвалжиллаа. Байгаль эх үг хэлдэггүй. Эх болсон газар шороо маань хохирлоо бусад хэргийн хохирогчид шиг нэхэмжлээд явж чадахгүй учраас байгаль орчноо гэсэн сэтгэлтэй иргэдийн адилаар энэ хэргийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан анхааралтай ажиглаж, хэрхэн шийдвэрлэж, гэм буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэхийг хүлээж буй билээ.
Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн эзэмшлийн талбай “урт нэртэй” хуулийн үйлчлэлд хамрагдаж, тэнд ашигт малтмал олборлох, хайгуул хийхийг хориглосон. Орхон голын дээд эхийг бүрдүүлдэг Монгол орны усны гурван их хагалбарын нэг болох Суварга хайрхан уул, түүний салбар уулсын жагсаалтыг гаргасан. Энэхүү жагсаалтыг гаргаснаар тухайн газарт “урт нэртэй” хуулийн үйлчлэлд хамаарч буй хязгаарыг нарийвчлан тогтоож өгсөн аж. Үүнд Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн эзэмшлийн талбай багтаж, ашигт малтмал олборлох, хайгуул хийхийг зогсоосон аж. Улмаар тэнд үйл ажиллагаа явуулж байсан компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
Өнгөрсөн намар том, жижиг нийлсэн 40 гаруй уул уурхайн компанийг уг хэрэгт холбогдуулан шалгасан. Улмаар холбогдогч компанийн тоо 50-д хүрсэн. Тэдгээр компанийн удирдлага “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийнхантай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, тэдний эзэмшлийн талбайд олборлолт хийж байсныг хууль хяналтын байгууллагаас тогтоосон юм. Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Суварга хайрхан уулын өврөөр урсдаг хэд хэдэн уулын гол байдаг. Дээрх компаниуд эдгээр голын усыг ашиглаж алт олборлодог бөгөөд тэд усны далан хаалтаа чанаргүй, муу барьснаас бохирдсон ус далангаа сэтэлж Орхон голд цутгаж байсан аж. УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Монгол газар” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямбаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан юм. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад прокурор татаж хянаад зөвхөн “Алтан дорнод Монгол” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Бямбаад холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компани 2010 оноос 2011 оны есдүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулж байсан талбайгаа хамгийн бага нь 40 сая, хамгийн өндөр нь 180 сая төгрөгөөр худалдсан гэдэг. Дээрх компаниудын удирдлагад Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлд заасан “Усны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учирсан”, 214 дүгээр зүйлд заасан “Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсвэл химийн хорт болон аюултай бодис хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Хууль хяналтын байгууллагаас Орхон голын бохирдлыг анхааралдаа авч ийнхүү шалгаж эхлээд нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан.
Хууль хяналтын байгууллагаас хамгийн түрүүнд Орхон голд цутгадаг голуудын уснаас дээж авч, Мэргэжлийн хяналтын төв лабораторид шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр Харгуйт голын нэг литр усанд магни зөвшөөрөгдөх хэмжээнээс 10.85, төмөр 8.03, Өлзийт, Тээл, Өл, Харгуйт голын уулзварт төмөр 6.86, аммони 7.7, Будант голд төмөр 1.99, аммони 1.8, Өлийн голд төмөр 1.52, аммони 0.5 мг-аар их байгаа нь илэрсэн байна. Үүнийг хавтаст хэрэгт нотлох баримт болгож авч буй гэнэ. Түүнээс гадна уг хэрэгт холбогдуулж Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтныг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. НПГ-ын эх сурвалжийн мэдээлснээр уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үндсэндээ дуусаж байгаа. Шинжээч нар дүгнэлтээ гаргасан. БОАЖЯ, МХЕГ, Усны газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон экологийн үнэлгээ хийдэг байгууллагаас хүмүүс авч явж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэсэн юм.
Харин МХЕГ-ын эх сурвалж “Орхон голын бохирдлын асуудлаар шинжээчийн дүгнэлт өнгөрсөн долоо хоногт гарсан. Дүгнэлт гаргах Ажлын хэсгийнхэн газар дээр нь өнгөрсөн тавдугаар сард очсон юм. Дүгнэлтэд дурдсанаар 250 тэрбум төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна” гэлээ. Энэ хэрэгт холбогдуулж 50 орчим компанийн 60-аад хүнийг сэжигтнээр татсан юм. Гэхдээ нэг ч хүнийг хорьж саатуулаагүй байсан. Харин өнгөрсөн долоо хоногт Орхон голыг бохирдуулсан хэрэгт холбогдуулж “Алтан дорнод Монгол” компанийн эрх бүхий албан тушаалтныг цагдан хорьжээ. Гэвч түүнийг баривчилсны дараа хууль хяналтын байгууллагынханд сэжигтэн, яллагдагчийг батлан даалтад сулла гэсэн дарамт улстөрчдийн зүгээс ирээд байгаа гэнэ. Чухам ямар албан тушаалтай хэн гэдэг саатуулан Ганц худагт хорьсныг шүүхийн эх сурвалжаас лавлахад “Алтан дорнод Монгол компанийн орчуулагч, үйл ажиллагаа хариуцсан менежерийн албан тушаал давхар хашдаг Товуудоржийн Чинбат гэдэг хүнийг цагдан хорьсон.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, алтны өндөр агууламжтай газар зааж өгнө гэж хэд хэдэн компанийн удирдлагыг залилан мэхэлж, их хэмжээний мөнгө авсан хэргээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан үндэслэлээр сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоол прокурорын байгууллагаас гаргасан. Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаад байсан учраас шүүгчийн шийдвэрээр саатуулсан” гэлээ.
Г.ЦОЛМОН