БНАСАУ-ын Ардын армийн ерөнхий штабын тэргүүн Ли Ен Хо бүх албан тушаалаасаа огцрохоос татгалзан үймээн дэгдээсэн тухай мэдээлэл гарлаа. БНСУ-ын хэвлэлд мэдээлснээр, Ким Чен Ир агсны ойр дотнын хүн, үнэнч хамтрагч хэмээгдсэн Ли Ен Хог огцрох үеэр буудалцаан болж, олон хүний амь эрсэдсэн гэнэ.
Ли Ен Хог албан тасалгаанаас нь гаргахыг оролдсоноос уг хэрэг эхэлсэн аж. Ардын армийн улс төрийн товчооны дарга, фельдмаршал Чве Рен Хэ удирдагч Ким Жөн Уны тушаалын дагуу Ли Ен Хог ажлын өрөөнөөс нь хүчээр гаргахаар завдахад хамгаалагч нар нь гал нээсэн тухай БНСУ-ын Тагнуулын албаныхан мэдэгдэж буй. Мөн Ли Ен Хо буудалцааны үеэр шархадсан, магадгүй амиа алдсан байхыг үгүйсгэхгүй аж. Хойд Солонгосын “төмөр хөшиг”-ний цаана юу болсныг нарийвчлан тодруулахад цаг хугацаа шаардлагатай хэмээн БНСУ-ын тагнуулчид үзэж байна. 69 настай Ли Ен Хог албан тушаалаас нь огцруулсныг гаднын хэвлэлд энэ сарын 15- нд мэдээлсэн. Түүний биеийн байдал сайнгүй байгаагаас ажлаас нь чөлөөлсөн хэмээн албан ёсоор мэдэгдэж буй ч яг юу нь өвдсөн нь өнөөг хүртэл тодорхойгүй. “International Crisis Group” байгууллагын шинжээч Дэниел Пинкстон “Өвчний улмаас ажлаас нь чөлөөлсөн биш, түүнийг зүгээр л зайлуулсан. Шинэ удирдагч Ким Жөн Ун өөрийнх нь өмнөөс тэрсэлсэн хүнд ингэж хандана гэдгээ харуулахын тулд түүнийг зайлуулсан” гэж онцлов. Ли Ен Хо Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны тэр гүүлэх зөвлөлд багтдаг, мөн тус намын цэргийн комиссын даргын орлогчийн албыг хашдаг байсан юм. 2011 оны арванхоёрдугаар сард буюу Ким Чен Ирийг нас барахаас өмнөхөн тэрбээр Ардын армийн ерөнхий штабын даргаар томилогдсон аж.
Х.ОД