АНУ-ын Сенатын үндэсний аюулгүй байдлын асуудлаарх хорооноос гаргасан илтгэлд HSBC банк Мексикийн хар тамхины мафийн мөнгийг угааж байсан хэмээн өгүүлснийг CNN уламжлав. HSBC банкны Мексик дэх салбарын үйлчлүүлэгчдийн дунд хар тамхины наймаатай холбоотой этгээдүүд байсан хэмээн уг илтгэлд онцолсон байна.
Тэдгээр үйлчлүүлэгчийн дансны гүйлгээ сэжигтэйг мэдсэн ч банкны дансыг хаагаагүй гэнэ. Түүнээс гадна банкны ажилтнууд Мексик дэх салбараас хэдэн тэрбум ам.доллар АНУ руу шилжүүлж байгааг зохицуулагч нартаа мэдэгдэлгүй өнгөрчээ.
Сенатчдын үзэж буйгаар, алан хядах, хорлон сүйтгэх ажиллагааг санхүүжүүлэх мөнгийг Саудын Араб, Бангладешээс тус банкны дансаар шилжүүлдэг байсан хэмээн үзэж байна. Мөн АНУын Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчин Тегераны санхүүгийн байгууллагатай гүйлгээ хийдэг байсан аж.
HSBC банкны удирдлага санхүүгийнхээ үйл ажиллагааны хяналтын системд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. Энэ явдал банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагад сургамж болно хэмээн найдаж буйгаа тус банкныхан мөн илэрхийллээ.
Дашрамд өгүүлэхэд, HSBC банк нь 85 оронд салбартай, 89 сая үйлчлүүлэгчтэй санхүүгийн томоохон байгууллагуудын нэг юм.
Х.ОД