МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст уржигдар орой барьж саатуулсан нь улс төрд том ажиллагаа эхлэхийн дохио боллоо. Түүнийг УИХ-ын гишүүн З.Энхболдын эсрэг телевизээр үг хэлэхдээ нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр шалгасан бөгөөд уржигдар 17 цагийн үед мэдүүлэг өгөхөөр очиход нь саатуулсан юм байна.
Албаны эх сурвалжийн хэлснээр, түүнийг МАН-ын Хяналтын хорооны дэд дарга Н.Цагаанхүүгийн батлан даалтад гаргажээ. Энэ үйл ажиллагаа АН-ын ҮЗХ-ны хурлаас З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасантай давхацсан нь тохиолдлынх биш хэмээн улс төрийн ажиглагчид үзэж байна. Цаашид Ардын намынх ныг “авлах” ажиллагаа үргэлжлэхийг улс төрийн хүрээнийхэн үгүйсгэсэнгүй. Учир нь АН хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд илүүрхэж, улстөржих учиргүй шүүх, прокурорыг энэ намаас угшилтай хүмүүс тэргүүлэх болсон нь цаашид ч МАН-ынханд тун халгаатай байх бололтой. Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН-ын залуу лидерүүдийн нэг.
НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш намд шинэ уур амьсгал, шинэ залуу боловсон хүчний “цус сэлгэлтийг” эрчимтэй эхлүүлсэн. Энэ жилийн сонгуульд залуучуудаа улс төрд түлхүү оруулж, УИХ-д дөрөв, НИТХ-д хоёр залууг нэр дэвшүүлсэн нь бүгд ялалт байгуулсан. Энэ нь НАМЗХ-ны түүхэнд байгаагүй том амжилт төдийгүй АН-ын залуучуудад ч үлгэр жишээ болсон. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл нь үнэлж, НАМЗХны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг хэдхэн хоногийн өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод байсан юм. Тиймээс МАН-ын залуу лидерийг үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ийнхүү барьж саатуулсан нь өрсөлдөгч хүчний хувьд “барын зулзагыг бага дээр нь” дарах оролдлого болох шиг боллоо.
Д.ОЮУН