АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг Египетэд айлчлах үеэр иргэд түүний сууж явсан машин руу улаан лооль, гутал шидсэн тухай “Reuters” мэдээлжээ. Хатагтай Клинтон өнгөрсөн ням гаригт ардчилсан эрхийн талаар хүмүүст лекц уншсаны дараа ийм явдал болсон аж. Хуягт машины цуваа руу хүмүүс улаан лооль, гутал, усны сав шидсэн ч Хиллари Клинтоныг оноогүй байна.
Харин түүнийг дагалдаж явсан египет түшмэл улаан лоольд оногджээ. Цугласан хүмүүс мөн “Моника, Моника” хэмээн Хиллари руу хашгирч байсан гэнэ. “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхнийг сонгуульд ялахад америкчууд тусалсан хэмээн үзэж буй иргэд Хиллари Клинтоны айлчлалыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан юм.
Дашрамд сонирхуулахад, лалын шашинтнуудын хувьд өрсөлдөгч рүүгээ гутлаа шидэх нь том доромжлолд тооцогддог. Иракийн сэтгүүлч Мунтазер аль-Зайди 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш руу гутлаа шидсэний дараа энэ арга “моод” болсон.