Монголчууд биднийг үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байх зуур Дэлхийн хүн амын өдөр тохиов. Дэлхийн бөмбөрцөг дээр бид хэдүүлээ амьдарч байгаа, цаашид хэд болох, хаана хамгийн олон хүн төрж, хаана хорогдож буй, хүн төрөлхтөнд ямар асуудал тулгарч байгаа, хүн ам зүйн үзүүлэлтээрээ бид хаахна явна вэ гэдгийг магадгүй жил бүрийн долоодугаар сарын 11-нд тохиодог энэ өдөр мэдэх бололцоотой.
“Манай улсын хүн амын дундаж наслалт зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад нэмэгдэж, 66.6 байснаа 68.3 болж өссөн нь эрүүл мэндийн боловсрол сайжирсантай холбоотой” хэмээсэн эерэг мэдээлэл сонор мялаажээ. Дэлхийн хүн ам долоон тэрбум 57 сая 608 мянга болсон талаар Дэлхийн хүн амын сангийн Герман дахь албан ёсны төлөөлөгч Уте Шталмейрстер мэдээлж байна.
Түүний хэлснээр хөгжиж буй орнууд дэлхийн хүн амын өсөлтийн гол хөшүүрэг болж байгаа гэнэ. Африкийн хүн амын тоо энэ зуунд 3.5 тэрбум болж өсөх хандлагатай байгаа бөгөөд Өмнөд Сахарт нэг эмэгтэй дунджаар таван хүүхэд төрүүлж байгаа нь хар тивийн хүн ам өсөж үржих таатай нөхцөл бүрдүүлж буй аж.
Гэвч хүн амын өсөлттэй холбоотойгоор олон асуудал урган гарч ирж буйг ч тэрбээр онцолж байна. Африкийн ихэнх оронд өлсгөлөнгийн аюул нүүрлэж, түүний эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байгаа гэхэд болно. Тус тивийн хөгжиж буй орнуудад өлсгөлөн иргэдийн эзлэх хувь нийт хүн амынх нь 16 хувьд хүрээд буй нь түгшүүр төрүүлж буй юм.
Хэрэв хүн ам нь огцом өсвөл дээрх орны Засгийн газрууд иргэдээ хоол хүнсээр хангаж чадахгүйд хүрнэ гэж хатагтай Уте Шталмейрстер хэлж байна. Хоол хүнснээс гадна ундны цэвэр усны хүрэлцээний асуудал ч том бэрхшээл ажээ. “Ерөнхийдөө дэлхийн хүн ам жилд 80 орчим саяар өсөж байна. Энэ нь өдгөө Германд амьдарч байгаа хүн амын тоотой тэнцүү юм” хэмээн тэр ярьжээ. Дэлхийн хүн амын өдрийг НҮБаас 1989 оноос тэмдэглэж ирсэн байна.
Г.ТЭРГЭЛ