Гурав, дөрөвтэй болов уу гэмээр бяцхан жаал тамхи баагиулж суугаа дүрс бичлэгийг You Tube сайтаас та үзсэн үү. Өдөрт 40 тамхи татдаг индонез хүүгийн тухай бичлэгийг нийт 17.5 сая хүн үзсэн бөгөөд тус улсад тамхидалт хэт залуужиж байгааг харуулсан түгшүүрийн дохио боллоо хэмээн дэлхий нийт хүлээж авсан юм.
Дэггүй нялх үрсийг буруутгахаасаа аав ээжийг нь, Засгийн газрыг нь хүмүүс шүүмжилж байна. Гэтэл АНУ-ын тамхи үйлдвэрлэгч нэгэн томоохон компани үүнд гол нөлөөтэй болохыг Нью-Йорк хотын “АBC news” телевизийн сэтгүүлчдийн баг Индонезид жил орчим судалгаа хийсний дүнд олж илүүлжээ. Тус телевизийнхэн Индонез дахь тамхины импорт, хэрэглээ, тархалтын талаар судалсан бөгөөд АНУ-ын ашиг орлогоороо тэргүүлэгч, тамхи үйлдвэрлэгч “Philip Morris International” компани Индонезийн хүүхэд залуус руу гол байгаа чиглүүлээд буйг олж мэджээ.
Индонез улс тамхины хэрэглээгээрээ дэлхийд дөрөвт бичигддэг. “Philip Morris International” компани Индонезид сүүлийн хэдэн жил тамхины борлуулалтын хэмжээгээр маш их амжилт олжээ. Тэр дундаа “Марлборо” тамхийг сая саяар нь худалдсан байна. Тэд тамхины сурталчилгаагаа хүүхэд залуус руу түлхүү хандуулсан аж. Америк болон Европын орнуудад бараг 40 жилийн өмн өөс тамхины сурталчилгааг телеви зээр цацахыг хориглосон ч Индонезид тийм биш байсан нь тэдэнд завшаан болжээ. Тиймээс телевизээр дуртай рекламаа цацаж, хаа сайгүй рекламны самбар байрлуулсан аж. Индонезийн телевизүүдээр тамхины сурталчилгааг маш элбэг.
1999 оноос АНУ-д сурталчлахыг хориглосон “Марлборогийн” сурталчилгаа ч хаа сайгүй гэнэ. “ABC news” телевизийнхэн өнгөрсөн есдүгээр сараас эхлэн тус компанийнхнаас ярилцлага авах хүсэлт хэдэнтээ тавьсан ч удаа дараа татгалзсан хариу авчээ. Харин өнгөрсөн зургаадугаар сард НьюЙоркт болсон “Philip Morris International” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит уулзалтын үеэр “Марлборо брэндийн сурталчилгааг Индонезийн нийслэл Жакарта хотын сургуулийн ойролцоо байрлуулсан бичлэг, зургийг “ABC news”-ийнхэн тэдэнд үзүүлсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Луй Камиллери “Бид тэнд тавьсан сурталчилгааны баннераа авсан” гээд компаниа өмөөрч, “Хүүхэд залуус руу чиглэсэн сурталчилгааны бүтээгдэхүүн аль болох хийхгүй байгаа” гэж хэлсэн байна.
Хувьцаа эзэмшигчдийн уулзалтын дараа өгсөн ярилцлагадаа тэрбээр элдэв хориг тавиагүй, бизнесийн эрх чөлөөтэй орчинд бид үйл ажиллагаа явуулсан. Бид хариуцлагатай ажилладаг. Хэрэв үнэхээр сонирхоод байгаа бол Индонезид хийж байгаа бизнес боломжийн байдаг” гэж хариулжээ. 2005 онд “Philip Morris International” компани Индонезийн тамхины зах зээл дэх гурав дахь том компани байсан бол сурталчилгаа сайн явуулснаас гадна “Sampoerna” брэндийн тамхи гаргасан нь амжилт олж, өдгөө нэгдүгээрт бичигдэх болжээ. Тус компани Индонезийн тамхины зах зээлийн 30 хувийг атгаж байгаа аж.
Г.ГЭРЭЛ