Хойд Солонгосын лидер Ким Жөн Ун өнгөрөгч ням гаригт өөрийн өвөө Ким Ир Сен агсны ойд зориулсан дурсгалын ёслолд оролцохдоо 20-30 насны үл таних эмэгтэйг дагуулсан тухай AFP мэдээллээ. Тус улсын телевиз энэхүү үйл явдлыг дамжуулан үзүүлжээ. Үүнээс хоёр хоногийн өмнө болсон концертод ч уг эмэгтэй БНАСАУ-ын удирдагчтай хамт байсан агаад тоглолтыг зохион байгуулахад бүсгүй ямар нэг хэлбэрээр холбоотой байсан болов уу гэж БНСУ-ын Засгийн газар таамагласан аж. Харин Өмнөдийн хэвлэлүүд бүсгүйн талаар “Ким Жөн Уны охин дүү Ким Ё Жон эхнэр, амраг нь” хэмээсэн хувилбарууд дэвшүүлэв.
“Korea Joong Ang Daily” сонинд БНСУ-ын тагнуулын эх сурвалжаас иш татсанаар бол, дээрх бүсгүй нь Хойд Солонгосын дуучин Хён Сон Воль гэнэ. 2006 оныг хүртэл олноо алдартай байсан Хён Сон Воль нэг л өдөр хэвлэлийнхний хараанаас бүрмөсөн мултарч, сураг алдарсан. 2012 оны гуравдугаар сард Хойд Солонгосын телевиз дуучин бүсгүйг хөл хүнд болсон байгааг нь харуулсан аж. Хэдий Хён Сон Воль нөхөрт гарсан ч Ким Жөн Унтай янаг амрагийн холбоотой талаар хэвлэлд мэдээлэл гарч байжээ.