Монголын улсын Хөвсгөл аймагт 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр орон нутгийн Скай ТВ телевизийн сэтгүүлч, зураглаач 8 хүн бусдын халдлагад өртсөнд гүнээ харамсаж санаа зовинож байгаагаа Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо болон тус байгууллагын харъяа Монголын Сэтгүүлчдийн Эвлэл илэрхийлж байна.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн мэдэгдэж байгаагаар дээрх сэтгүүлчид Монгол улсын хууль тогтоох байгууллага Улсын Их Хурлын сонгуулийг сурвалжилсаныхаа төлөө бусдын халдлагад өртжээ.
6 дугаар сарын 28-ны өдөр явагдсан сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлж байх үед Скай ТВ телевизийн хөрөнгө оруулагч компани болох Хөвсгөл Ньюс ХХК-ний гүйцэтгэх захирал Б. Ганзориг гэгч нь хэсэг хүмүүсийн хамт телевизийн байранд орж ирэн, дагуулж ирсэн хүмүүстээ 4 сэтгүүлч болон 4 зураглаачийг зодохыг тушаажээ. Тэрээр сэтгүүлчдийг өөрийнхөө хөрөнгө оруулагч Л. Мөнхбаатарын ашиг сонирхолд дангаар үйлчлэлгүй нөгөө талыг давхар мэдээллээ гэж буруутган зодож эхэлсэн байна. Ноён Л. Мөнхбаатар нь Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн юм.
Болсон хэрэг явдалтай холбоотойгоор орон нутгийн цагдаа болон прокурорын байгууллага мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлжээ.
Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны Ази Номхон Далайн бүс нутгийг хариуцсан салбараас мэдэгдэл хийж, ОУСХ болон МСЭ хамтран нэг байр суурьтай байгаа гэдгийг хэллээ. Тус хоёр байгууллага сэтгүүлчдийг ажлын байранд нь зодож, өөрсдийн улс төрийн ашиг сонирхолд нийцүүлсэн мэдээ сурвалжлага хийсэнгүй хэмээн дарамталсан явдлыг буруушааж байгаагаа илэрхийлжээ.
“Сэтгүүлчдийг үнэн зөв мэдээлэл хүргэсэнийх нь төлөө шийтгэж, бие махбодид нь гэмтэл учруулсан нь хүний эрх болон хэвлэлийн эрх, эрх чөлөөг зөрчсөн явдал. Хэвлэлийн байгууллага нь хувийнхаа аюулгүй байдал, эрх ашигт халтай байх вий гэж айж эмээлгүйгээр олон нийтэд болж буй үйл явдлын талаар чөлөөтэй мэдээлэл хүргэж байх ёстой” гээд ОУСХ хэрэг гарсан орон нутгийн цагдаагийн газарт болсон хэрэг явдлыг үнэн зөвөөр шалгаж, тогтоохыг уриалжээ. Мөн хариуцлага хүлээх ёстой хүмүүст хийсэн үйлдэлд нь зохих хариуцлагыг хүлээлгэхийг уриалсан байна.
Энэхүү үйл явдалтай холбоотой мэдээллийг хойшид ОУСХ-ны Ази Номхон Далайн бүсийг хариуцсан салбарын +61293330950 тоот дугаараас авна уу. ОУСХ нь дэлхийн 131 орны 600.000 гаруй сэтгүүлчийг төлөөлсөн байгууллага юм.
ОУСХ –ны твиттер хаяг: @ifjasiapacific
ОУСХ-ны фэйсбүүк хаяг: www.facebook com/IFJAsiaPacific